Бидний өдөр тутмын амьдралд нойр маш чухал үүрэгтэй ч олон хүн хангалттай амарч чаддаггүй. Нойр дутуу байх нь зөвхөн ядаргаанд оруулаад зогсохгүй олон төрлийн өвчин эмгэг, тэр ч байтугай нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаанууд харуулж байна. Тухайлбал, долоо хоногийн турш ердөө таван цаг унтах нь судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ нь тамхи татах эсвэл чихрийн шижин өвчтэй хүний биед үзүүлэх нөлөөтэй дүйцэхүйц эрсдэлтэй гэж үздэг.
Салатны навчны нууц
Нойргүйдэлтэй тэмцэхэд туслах байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийн нэг нь бидний сайн мэдэх салатны навч буюу Lactuca sativa юм. Энэхүү ногоо нь эртний Ромын эзэнт гүрний үеэс нойрсуулах үйлчилгээтэй гэдгээрээ танигдсан. Салатны навчинд лактуцин хэмээх гашуун амттай, нойрсуулах үйлчилгээтэй бодис агуулагддаг байна. Амьтад дээр хийсэн туршилтаар ромэйн төрлийн салатны навч нь нойрны чанарыг сайжруулдаг болох нь тогтоогджээ.
Судалгааны үр дүн
Одоогоос арван жилийн өмнө нойргүйдэлтэй хүмүүс дээр салатны үрийн тосыг ашиглан судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж, нэг хэсэгт нь салатны үрийн тос, нөгөө хэсэгт нь плацебо буюу эмчилгээний үйлчилгээгүй бодис өгсөн байна. Долоо хоногийн дараа салатны үрийн тос хэрэглэсэн хүмүүсийн 70 орчим хувь нь нойргүйдэл нь мэдэгдэхүйц сайжирсан гэж хариулжээ. Харин хяналтын бүлэгт энэ үзүүлэлт ердөө 20 хувьтай байв. Судлаачид салатны үрийн тосыг өндөр настнуудын нойрны асуудлыг шийдвэрлэхэд аюулгүй бөгөөд үр дүнтэй арга байж болохыг дүгнэжээ.