АНУ-ын алдарт хэвлэл болох The New York Times (NYT) өөрийн спортын мэдээллийн салбар болох The Athletic-тай хамтран спортын хорхойтнуудын мэдлэгийг сорьсон өдөр тутмын шинэ үгийн тоглоомоо гаргажээ. Энэхүү тоглоом нь тус сонины алдартай Connections тоглоомын спортын хувилбар юм.

Энэхүү тоглоомыг компьютер болон ухаалаг төхөөрөмжийн вэб хөтчөөр тоглох боломжтой. Тоглоомын дүрэм нь үндсэн хувилбартайгаа ижил бөгөөд нийт 16 үгийг хоорондын уялдаа холбоогоор нь дөрөв дөрвөөр нь дөрвөн бүлэгт хуваах даалгавартай. Үгс нь номын нэр, программ хангамж, улсын нэр зэрэг олон төрлийн сэдвийг хамарч болох ч зөв холбогдох ганц л хувилбар байна.

Тоглогчид нийт дөрвөн удаа алдах эрхтэй бөгөөд үгсийг зөв тааж бүлэглэсэн тохиолдолд тухайн үгс талбараас хасагдана. Бүлгүүд нь хүнд, хөнгөнөөсөө хамааран шар, ногоон, цэнхэр, ягаан гэсэн өнгөөр ялгагддаг ба шар нь хамгийн хялбар нь юм. Түүнчлэн Wordle тоглоомтой адил шөнө дундын дараа шинэ үгсээр шинэчлэгддэг бөгөөд үр дүнгээ нийгмийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцах боломжтой ажээ.