АНУ-ын The New York Times (NYT) хэвлэлийн өдөр тутмын үгийн тааварт тоглоомуудын нэг болох Connections нь олон нийтийн анхаарлыг татаж, цахим сүлжээнд хит болоод байна. Тус тоглоомыг бүтээхэд туслалцаа үзүүлж, сонины тоглоомын буланд нэвтрүүлсэн гавьяаг тааврын туслах редактор Wyna Liu-д олгодог ажээ.

Уг тоглоомыг интернэт хөтөч болон гар утас, зөөврийн төхөөрөмжөөс тоглох боломжтой. Тоглоомын дүрэм нь хоорондоо ямар нэг байдлаар ерөнхий сэдэв, утга холбогдсон үгсийг олоход чиглэдэг. Өдөр бүр 16 үг өгөгдөх бөгөөд тэдгээрийг дөрөв дөрвөөр нь дөрвөн ангилалд хуваах даалгавартай. Эдгээр ангилал нь номын нэр, программ хангамж, улс орны нэрс зэрэг ямар ч сэдэв байж болно.

Хэдийгээр хэд хэдэн үг хоорондоо тохирч байгаа мэт харагдах боловч зөвхөн ганц л зөв шийдэл бий. Тоглогч дөрвөн үгийг зөв бүлэглэвэл тухайн үгс самбараас хасагдана. Харин буруу тааварлавал алдаанд тооцогдох бөгөөд тоглоом дуусахаас өмнө дөрөв хүртэлх удаа алдах боломжтой. Мөн холбоосыг хялбар олохын тулд самбар дээрх үгсийг хольж, байрыг нь солих боломжийг олгодог.

Ангиллууд нь хүнд, хөнгөнөөсөө хамааран өнгөөр ялгагддаг бөгөөд шар өнгө нь хамгийн хялбар, дараа нь ногоон, цэнхэр, харин нил ягаан өнгө нь хамгийн хүнд түвшинд тооцогддог. Түүнчлэн Wordle тоглоомын адил өөрийн үр дүнгээ олон нийтийн сүлжээнд найзуудтайгаа хуваалцах боломжтой ба шөнө дундын дараа өдөр бүр шинэчлэгддэг байна.