Америкийн хөлбөмбөгийн NFL лиг түүхэндээ анх удаа Франц улсад ээлжит улирлын тоглолтоо зохион байгууллаа. Парис хотын Stade de France цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод Питтсбург Стийлерс баг Нью-Орлеанс Сэйнтс багийг 16:10 харьцаатайгаар буулган авсан юм.
Гэвч уг тоглолтын үеэр гарсан шүүгчийн нэгэн шийдвэр олны анхаарлыг татаж, багагүй маргаан дэгдээв. Тоглолтын хоёрдугаар үед Стийлерс 3:0-ээр тэргүүлж байх үед Сэйнтсийн довтлогч Тайлер Шауг дамжуулалт хийх гэж байхад Стийлерсийн од хамгаалагч Ти Жей Ватт түүнийг унагаж, бөмбөгийг алдуулан өөрөө эзэмшилдээ авсан байна. Эхэндээ шүүгчид үүнийг бөмбөг алдалт (fumble) хэмээн Стийлерсийн талд шийдвэрлэж, тоглогчид ч баярлаж амжжээ.
Гэвч бичлэгийг дахин нягталж үзсэний дараа шүүгчид шийдвэрээ цуцалж, Сэйнтсийн тоглогчийг хүрэлтээр унасан (down by contact) гэж тооцон зөвхөн сэк (sack) болгон бүртгэсэн байна. Уг шийдвэрийн дараа Сэйнтс талбайн цохилтоор оноог 3:3 болгон тэнцүүлж чадсан юм.
Энэхүү шийдвэрийг Ти Жей Ваттын эхнэр Дани Ватт эсэргүүцэн өөрийн Инстаграм хуудсандаа “Дахиад л биднийг дээрэмдчихлээ” хэмээн нийтэлж бухимдлаа илэрхийлжээ.
Энэ тоглолтод Ватт нийт хоёр такл, нэг сэк гүйцэтгэснээр багийнхаа төлөөх 120 дахь сэкээ хийж, энэ улирлын амжилтаа 5.5-д хүргэсэн байна. Ийнхүү Парист ялалт байгуулсан Питтсбург Стийлерс баг найм дахь долоо хоногт Кливленд Браунс багийн эсрэг тоглохоор боллоо.