Португалын туршлагатай теннисчин Гаштао Элиаш эх орондоо зохиогдсон Lisboa Belém Open тэмцээний үеэр мэргэжлийн теннисний замналаа өндөрлүүлж буйгаа нулимс дуслуулан зарлалаа.

Өдгөө 35 настай тэрбээр мягмар гарагт Лиссабонд болсон Challenger 100 тэмцээний сүүлийн тоглолтдоо Италийн тамирчин Франческо Пассарод 6-2, 6-2 харьцаагаар хожигдсон юм. Тоглолтын дараа өөрийн төрөлх клуб болох Club Internacional de Foot-Ball талбайд болсон ёслолын үеэр тэрбээр сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байна.

Элиаш охиных нь ээж болох найз бүсгүй Рутедаа хандан: “Би Рутегийн талаар ярьж чадахгүй байх гэж бодож байна. Гэхдээ чи миний амьдралд арай эрт орж ирсэн ч болоосой гэж хүсдэг. Чи надад үргэлжлүүлэн тэмцэх, бэртлээс эргэн ирэх хүч чадлыг өгсөн хүн. Хэрэв чи байгаагүй бол би илүү эрт зодог тайлах байсан” хэмээн талархлын үгээ хэлжээ.

Мөн тэрбээр анхнаас нь дэмжсэн аав, ээж болон дасгалжуулагч нартаа талархал илэрхийлсэн юм. Түүний дасгалжуулагч нарын нэг болох Ги Балбоа энэхүү үйл явдалд оролцохоор Бразилаас зорьж иржээ. Элиаш 16 насандаа теннисний мөрөөдлөө хөөж АНУ-ыг зорьж байсан бөгөөд одоо өөрөө аав болсон хойноо эцэг эхийнхээ гаргасан золиосыг илүү их ойлгож байгаагаа дурдсан байна.

Гаштао Элиаш 2016 оны 10 дугаар сард дэлхийн чансааны 57 дугаарт бичигдэж байсан бөгөөд тухайн ондоо Риогийн олимпод оролцож байв. Тэрбээр Challenger ангилалд нийт 10 цом хүртэж, Их дуулгын бүх дөрвөн тэмцээний үндсэн сугалаанд өрсөлдөж байсан туршлагатай тамирчин юм.