Хөрөнгө оруулалтын эрх олгодог буюу санхүүжүүлсэн дансаар арилжаа хийлгэдэг проп фирмүүдийн (prop trading firms) трейдерүүдэд олгосон нийт төлбөрийн хэмжээ 2 тэрбум ам.долларт дөхөж ирлээ.
Төлбөрийн дүн ба зах зээлийн бодит байдал
Payout Junction-ий тайлангаас үзвэл, 2023 оны аравдугаар сараас хойш нийт 45 компанийн хүрээнд 1.97 тэрбум ам.долларын төлбөрийг трейдерүүдэд олгосон байна. Зөвхөн 11 дүгээр сард гэхэд 115 сая гаруй ам.доллар олгогджээ. Мөн 2023 оны аравдугаар сараас хойш блокчэйн дэх олон нийтийн бүртгэлээр баталгаажсан ойролцоогоор 1.19 сая төлбөрийн гүйлгээ хийгдсэн нь бүртгэгдсэн байна.
Гэвч эдгээр төлбөрийн тоон үзүүлэлт нь дундаж трейдер ашигтай ажиллаж байгааг батлахгүй. Трейдерүүд шалгалтын хураамж, данс шинэчлэх төлбөр, сарын захиалгын зардал зэрэгт мөнгө алддаг бөгөөд олгосон төлбөр нь зөвхөн амжилттай мөнгө татсан тохиолдлуудыг л харуулж байна. Мөн дийлэнх жижиглэнгийн санхүүжүүлсэн хөтөлбөрүүд эхний ээлжинд симуляци буюу демо данс ашигладаг тул төлбөр авах нь хэзээ ч баталгаатай биш юм.
Дүрэм болон шалгуурын онцлог
Жишээлбэл, 100,000 ам.долларын баланстай фьючерс данс нь 3,000 ам.долларын хамгийн их алдагдлын хязгаартай (drawdown) байвал тухайн трейдерт алдаа гаргах ердөө 3,000 ам.долларын орон зай л үлдэнэ. Үүнээс гадна арилжааны тогтвортой байдлын дүрэм (consistency rules), мөнгө татах хязгаар, стратегийн хориг зэргээс шалтгаалан ашигтай ажилласан ч мөнгөө татаж чадахгүй нөхцөл үүсч болзошгүй.
Сүүлийн үед энэ салбар уламжлалт форекс, фьючерсээс гадна крипто болон токенжуулсан хувьцааны арилжаа руу тэлж байна. Хэвлэгдсэн дүрмийн харьцуулалтаас харахад форекс, фьючерс, крипто чиглэлээр FTMO, FundedNext, FundingPips, The5ers, Hola Prime, Topstep, Tradeify, Take Profit Trader, Lucid Trading, HyroTrader зэрэг байгууллагууд өөр өөрийн шалгуур, дансны загвартайгаар үйл ажиллагаа явуулж байна.