Хип хоп ертөнцийн нэрт уран бүтээлчид болох Рик Росс болон 50 Сент (Кёртис Жексон) нар цахим орчинд дахин үзэл бодлоороо сөргөлдлөө.

Саяхан 50 Сент Apple Music-ийн “Rap Life Review” нэвтрүүлэгт оролцохдоо өдгөө яагаад шинэ цомог, хөгжим төдийлөн гаргахгүй байгаагаа тайлбарласан юм. Тэрбээр хип хоп соёлыг залуусын соёлтой салшгүй холбоотой гэдгийг онцлоод, “Чи 60 хүрсэн хойноо хамгийн шилдэг, эрэлттэй нь байна гэж байх ёсгүй. Хэрэв хийсэн бүтээл чинь ашиг орлого авчрахгүй бол утгагүй” хэмээн ярьжээ.

Үүний хариуд Майамигийн реппер Рик Росс өөрийн Instagram хуудсаараа дамжуулан 50 Сентийн байр суурийг няцаасан байна. Тэрбээр өдгөө 50 гарсан ч тайзан дээрээ идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй Bun B болон таалал төгссөн Pimp C нарыг жишээ болгон дурджээ. Рик Росс хэлэхдээ “Хэрэв гудамж чамайг хайрлаж, соёл чамаар дутаж, чи хэн ч давтаж чадахгүй зүйлийг бүтээж байгаа бол нас огт хамаагүй. 85 нас хүртлээ ч цомог гаргаж болно” хэмээн эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

Уран бүтээлчдийн сүүлийн үеийн ажлуудаас дурдвал, Рик Росс өнгөрсөн сард өөрийн 12 дахь бие даасан цомог болох “Set in Stone”-оо гаргасан бөгөөд анхны цомог “Port of Miami”-ийнхөө 20 жилийн ойн аялан тоглолтоо хийж байгаа аж. Харин 50 Сент Donnell Jones болон Joe нарын Verzuz халз тулаанд зочноор оролцсоноос гадна ирэх 10 дугаар сард нээлтээ хийх “Street Fighter” бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон байна.