Америкийн алдарт рэппер Lil Wayne подкастын ертөнцөд хүч үзэхээр шийджээ. Тэрээр WFAN радиогийн нэвтрүүлэгч Craig Carton-той хамтран "The Joint Venture" нэртэй долоо хоног тутмын шинэ подкастыг эхлүүлэх гэж байна. Уг нэвтрүүлгийн анхны дугаар долдугаар сарын 22-нд цацагдах юм.
Тэд анхны бичлэгээ долдугаар сарын 19-нд Нью-Йорк хотод болох Fanatics Fest арга хэмжээний үеэр амьдаар хийхээр төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээнд Америкийн спортын оддоос Darrelle Revis, Amar'e Stoudemire болон Eli Manning нар оролцох юм байна.
Lil Wayne энэ талаар "Хамгийн шилдэг подкастууд бол яг л найзуудтайгаа хэн ч сонсоогүй мэт чөлөөтэй ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Би Craig-тэй хамт суугаад юуны тухай ч хамаагүй ярилцах болно" хэмээн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өмнө нь Apple Music дээр "Young Money Radio" нэвтрүүлгийг хөтөлж байсан туршлагатай юм.
Хэдийгээр тэднийг өөр өөр салбарын хүмүүс гэж хардаг ч, олон жилийн найзууд аж. Craig Carton өөрийн радио нэвтрүүлэгтээ Lil Wayne-ийг "хамгийн том спортын хорхойтон" хэмээн тодорхойлж байсан удаатай. Тэд спортын ертөнц, поп соёл болон бусад олон сэдвээр чөлөөтэй ярилцахыг зорьж байна.
Шинэ подкастаа эхлүүлэхийн өмнө Lil Wayne өөрийн "Tha Carter" цомгийн 20 жилийн ойн аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд долдугаар сарын 17-нд Чикаго хотод тоглолтоо хийх юм. Түүний хамгийн сүүлд гаргасан "Tha Carter VI" цомог нь Billboard 200 жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн билээ.