АНУ-ын сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн, Арканзасын их сургуулийн сагсан бөмбөгийн багийн дасгалжуулагч Жон Калипари поп од Тейлор Свифттэй таарсан тухай хөгжилтэй явдлаа ярьжээ.

Тэрбээр 10 дугаар сарын 15-ны Баасан гарагт “CBS Sports College Basketball”-д ярилцлага өгөхдөө “Madison Square Garden” ордонд болсон NBA-ийн шувтаргын 4 дэх тоглолтын үеэр дуучинтай таарсан талаараа дурссан байна. Жон Калипари: “Тейлор Свифт тэнд байсан. Би түүний хажууд очихоосоо ичсэн” хэмээн өгүүлжээ.

Тухайн үед Грэммийн 14 удаагийн шагналт Тейлор Свифт түүнээс ердөө хэдхэн алхмын зайд, жүжигчин Адам Сэндлер болон түүний эхнэртэй ярилцаж байсан аж. Дасгалжуулагч Адам Сэндлерийг сайн таньдаг байсан ч ойртохоосоо эмээсэн байна.

Калипари тухайн үеийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа: “Тэр маш цоглог, эрч хүчтэй хүрч ирсэн. Би ширээний нөгөө талд сууж байсан бөгөөд утсаа гаргаж ирээд ярьж байгаа дүр эсгэсэн. Угтаа бол би юу ч хийгээгүй зүгээр л дүр эсгэсэн” хэмээн ярьжээ.

Энэ нь түүнд ямар хүчтэй сэтгэгдэл төрүүлснийг илтгэхдээ тэрбээр хамгийн сүүлд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа л ийм зүйл мэдэрч байснаа, гэхдээ тухайн үед ерөнхийлөгчтэй гар барихад ямар ч асуудал гараагүй гэдгээ хуваалцсан байна.

Тейлор Свифт энэ жил Нью-Йорк Никс багийн хоёр тоглолтыг үзсэн бөгөөд сүүлд “The Life of a Showgirl: The Encore” хувилбараа гаргаж, “Patient Zero” дуугаараа “Billboard Hot 100” жагсаалтыг 16 дахь удаагаа тэргүүлээд байгаа юм.