Саудын Арабын төрийн өмчит Public Investment Fund (PIF) нь тоглоом хөгжүүлэгч алдарт Electronic Arts (EA)-ийг өөрийн Savvy Games Group-тэй нэгтгэх асуудлыг судалж буй талаар Bloomberg 9 дүгээр сарын 10-нд мэдээллээ.

Хэрэв энэхүү нэгдэл бодит ажил болбол EA Sports FC, Madden NFL, Battlefield, The Sims зэрэг EA-ийн цувралууд болон Pokémon Go, Monopoly Go зэрэг алдартай бүтээлүүд нэг компанийн дор төвлөрөх боломжтой юм. PIF-ийн удирдлагууд тоглоомын салбарт өсөн нэмэгдэж буй хөрөнгө, эзэмшлүүдээ илүү уялдаатай удирдах үүднээс уг нэгдлийг төлөвлөж байгаа аж.

Эх сурвалжуудын Bloomberg-т өгсөн мэдээллээр одоогоор эцсийн ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Түүнчлэн Savvy компани Mobile Legends: Bang Bang-ийг бүтээсэн ByteDance-ийн эзэмшлийн Moonton студийг 6 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцлээ дуусгахаас өмнө EA-тэй нэгдэх магадлал бага байгааг онцолжээ.

Мөн оролцогч талуудын бизнесийн цар хүрээ асар том тул EA болон Savvy-ийн аливаа нэгдэл нь зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалттай тулгарах төлөвтэй байна.