Хүчирхэг хоолой, уянгын дуунуудаараа алдаршсан Канадын нэрт дуучин Селин Дион хүнд метал хөгжмийн тоглолтыг ч чамгүй сайн мэдэрдгээ харууллаа. Тэрбээр пүрэв гарагт (11-р сарын 5) Лас Вегас хотын Sphere цогцолборт болсон Metallica хамтлагийн “Life Burns Faster” тоглолтыг тусгай өрөөнөөс үзэж сонирхсон байна.

Инстаграм дахь нэгэн бичлэгт түүнийг Metallica-гийн басс гитарчин Роберт Трухильогийн тоглох хөдөлгөөнийг дуурайн, гар хөдөлгөөнөөрөө агаарт басс гитар “тоглож” буйг буулгажээ. Энэхүү үйл явдал нь гитарчин Кирк Хэмметт болон Роберт Трухильо нарын хамтран хөгжимддөг “Kirk and Rob Doodle” нэртэй уламжлалт хэсгийн үеэр болсон аж.

Уг тоглолтыг Селин Дионоос гадна Guns N’ Roses хамтлагийн гитарчин Слэш болон No Doubt хамтлагийн гишүүд үзэж сонирхсон гэж мэдээлсэн байна.

Селин Дион тус металл хамтлагийг сонирхдог нь цоо шинэ зүйл биш бөгөөд тэрбээр өмнө нь өөрийн дуртай дуунуудын жагсаалтад Metallica-гийн “Until It Sleeps” (1996) дууг оруулж байжээ. Тэрбээр тухайн үед ихэр хүүхдүүдийнх нь нэг болох Эдди тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч гэдгийг дурдаж байв.

Грэммийн таван удаагийн шагналт дуучин 2022 онд булчин чангарах ховор төрлийн эмгэгтэй (stiff-person syndrome) гэж оношлогдсоноо зарлаж байсан ч зургаан жилийн завсарлагын дараа өнгөрсөн есдүгээр сард тайзнаа эргэн ирсэн юм.