Америкийн хөлбөмбөгийн NFL-ийн Даллас Ковбойс багийн од хүлээн авагч (wide receiver) СиДи Ламб коллежийн түвшинд яагаад LSU (Луизиана мужийн их сургууль) багийг сонгоогүй тухайгаа илэн далангүй хуваалцлаа.

Луизиана мужид төрж өссөн Ламб багадаа LSU багийн үнэнч хөгжөөн дэмжигч байжээ. Хожим түүний гэр бүл Катрина хар салхины улмаас Хьюстон руу нүүж, тэрбээр ахлах сургуульд байхдаа авьяаслаг тамирчнаар тодорсон байна. Гэвч хүсэн хүлээсэн LSU багийн урилга түүнд хэтэрхий оройтож ирсэн төдийгүй тухайн үеийн тоглолтын арга барил нь түүний ирээдүйд нийцэхээргүй байжээ.

Ламб Downs 2 Business подкастод ярихдаа: "Тэд намайг багтаа авахыг хүссэн ч энэ нь оройтсон алхам байсан. Тухайн үеийн тоглолтын схем надад огт тохирохгүй мэт санагдсан. Үнэнийг хэлэхэд тийм л байсан. Тэр үед Жо Барроу, Жо Брэйди нар байгаагүй. Довтолгооны систем нь олигтой ажиллахгүй байсан тул би тэнд амжилт гаргаж чадахгүй гэж бодсон" хэмээн дурсжээ.

Тухайн үед буюу 2010-аад оны дундуур Лес Майлсын удирдлага дор байсан LSU баг гүйлтийн тоглолт болон хүчний тоглолтод хэт тулгуурладаг байсан юм. Ламб 2016 оны дөрөвдүгээр сард өмнө нь амлалт өгсөн байсан Оклахомагийн их сургуулийн шийдвэрээсээ түр буцаж, LSU-ийн саналыг харгалзан үзсэн боловч тэр зундаа Оклахомагийн их сургууль руу (Sooners) явахаар эцэслэн шийджээ.

Оклахомад Линкольн Райлигийн системд нэгдсэн нь түүний хувьд зөв сонголт болсон юм. Тэрбээр гурван жил гарааны бүрэлдэхүүнд тоглож, 2019 онд All-American-аар нэрлэгдэн, дараалан 1000-аас дээш ярдын үзүүлэлт үзүүлж байв. Улмаар 2020 оны NFL-ийн драфтын 17 дахь сонголтоор Даллас Ковбойс багт нэгдэж, лигийн шилдэг тоглогчдын нэг болон төлөвшжээ.