Мэргэжлийн бэйсболын (MLB) Нью-Йорк Янкис баг энэ өвөл хамгаалалтын шидэгчдэд (reliever) зориулан аль хэдийн 48.4 сая ам.доллар зарцуулаад байгаа ч өөр нэг томоохон тоглогчийг авахаар шамдаж байна.

USA Today-ийн сэтгүүлч Боб Найтингейлийн мэдээлснээр, Янкис баг чөлөөт агент болоод буй зүүн гарын шидэгч Адриан Морехоныг нэгдүгээр зорилтоо болгож, удахгүй эхэлж болзошгүй локаутаас (үйл ажиллагааны түр зогсолт) өмнө түүнтэй гэрээ байгуулахаар тун идэвхтэй ажиллаж байгаа аж. Хамтын гэрээний хугацаа 12 дугаар сарын 1-нд дуусах тул локаут зарлагдвал чөлөөт агентуудын зах зээл царцах эрсдэлтэй байгаа юм.

Өнгөрсөн улиралд Адриан Морехон 86 иннингт 2.83 ERA үзүүлэлттэй тоглож, 107 цохигчийг страйкаут хийж, өрсөлдөгчдийнхөө цохилтын дунджийг .205 дээр барьжээ. Тэрбээр өмнөх баг болох Сан-Диего Падресээс санал болгосон 23.15 сая ам.долларын саналыг хүлээн авахаас татгалзсан нь урт хугацааны өндөр дүнтэй гэрээ хүлээж буйг илтгэж байна.

Янкисийн ерөнхий менежер Брайан Кэшман өмнө нь шидэгчдийн бүрэлдэхүүнээ бэхжүүлэхийг гол зорилтоо гэж тодорхойлж байсан юм. Тус баг энэ өвөл Дэвид Беднар, Хонатан Лоайсига, Брент Сатер, Тим Хилл нартай гэрээ байгуулаад байгаа хэдий ч хүчирхэг зүүн гарын шидэгч тэдэнд дутагдаж байгаа ажээ.