Швейцарийн хөрөнгө оруулалтын менежментийн Julius Baer групп-ээс жил бүр гаргадаг тайлангаар Сингапур улс тансаг хэрэглээний хамгийн өндөр өртөгтэй хотоор дөрөв дэх жилдээ дараалан нэрлэгдлээ. Дэлхий даяар бугуйн цаг, үнэт эдлэл зэрэг тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байгаа нь энэхүү үзүүлэлтэд голлон нөлөөлсөн байна.

Жагсаалтын хоёрдугаар байрт Цюрих хот бичигдсэн нь өмнөх жилүүдээс байр ахисан үзүүлэлт юм. Энэхүү өсөлтөд Швейцарийн франк валютын ханшийн чангаралт нөлөөлсөн гэж тус тайланд дурджээ. Ингэснээр Цюрих хот Лондонг ардаа орхисон байна.

Түүнчлэн Монако вант улс 2020 онд судалгаа эхэлснээс хойш анх удаа эхний гуравт багтсан бол Хонконг болон Лондон хотууд эхний таван байрыг бүрдүүлжээ.