NutritionFacts-ийн мэдээлснээр, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс судасны үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг байна. Судалгаагаар цагаан хоолтон болон мах идэгчдийн судасны үйл ажиллагааг харьцуулж үзэхэд, ургамлын гаралтай хооллодог хүмүүсийн судас агшиж тэлэх чадвар нь мах идэгчдээс илүү сайн болох нь тогтоогджээ.
Судлаачид оролцогчдын нас, тамхи таталт, жин, холестерин болон цусны даралт зэрэг хүчин зүйлсийг хянаж үзсэн ч махгүй хооллолт нь судасны үйл ажиллагаанд шууд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоосон байна. Сонирхолтой нь, хүн хэр удаан хугацаанд махгүй хооллосон байна, төдий чинээ судасны үйл ажиллагаа сайжирдаг аж.
Хоол хүнс ба судасны хариу үйлдэл
Зарим төрлийн түргэн хоол нь судасны үйл ажиллагааг хэдхэн цагийн дотор муутгадаг боловч бүхэл үрийн ургамлын гаралтай хүнс ийм нөлөө үзүүлдэггүй байна. Тухайлбал, самар нь судасны үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч бүх төрлийн самар ижил үр дүнтэй биш бөгөөд хушга нь судасны эрүүл мэндэд илүү ач тустай болохыг судалгаа харуулж байна.
Түүнчлэн, жимс жимсгэний нөлөөллийг ч мөн судалжээ. Чихэрлэг болон өөх тос ихтэй бүтээгдэхүүнээс бүрдсэн хоолны дараа судасны үйл ажиллагаа буурдаг ч, дээр нь зэрлэг нэрс нэмж хэрэглэхэд судасны үйл ажиллагаа эрс сайжирдаг байна. Гэвч гүзээлзгэнэ зэрэг бусад жимс нь өөх тос ихтэй хоолны хор уршгийг арилгахад хангалттай үр дүн үзүүлээгүй байна.
Эдгээр баримтууд нь бидний сонгож буй хоол хүнс судасны хатуурал болон зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан эндэгдлийг бууруулахад чухал үүрэгтэй болохыг илтгэж байна.