Дуучин, ая зохиогч Тедди Свимс (Teddy Swims) өөрийн “Mr. Know It All” дуугаараа Billboard-ийн Pop Airplay чартын нэгдүгээр байранд бичигдэж, тус жагсаалтыг хоёр дахь удаагаа тэргүүллээ. 11 дүгээр сарын 14-ний өдрөөр огноологдсон уг жагсаалтад түүний SWIMS Int./Warner Records лейблээс гаргасан шинэ бүтээл хоёр байр ахиж оройд нь гарсан байна.
Тэрбээр өмнө нь 2024 оны дөрөвдүгээр сард “Lose Control” дуугаараа тус форматын чартыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж байв. Pop Airplay жагсаалт нь АНУ-ын 150 шахам mainstream top 40 радио станцаар дуунуудын долоо хоног бүр цацагдсан давтамжийг Mediabase-ээр нэгтгэн, Luminate-аас Billboard-д нийлүүлдэг тоо баримтад үндэслэдэг юм. Свимсийн хувьд өмнө нь 2024 оны 11 дүгээр сард “The Door” (9-р байр), 2025 оны дөрөвдүгээр сард “Bad Dreams” (8-р байр) бүтээлүүдээрээ энэхүү жагсаалтын шилдэг аравт багтаж байжээ.
Бүх төрлийг багтаасан Billboard Hot 100 чартад түүний хамтран зохиосон “Mr. Know It All” дуу 26 дугаар байрт хүрсэн нь уран бүтээлчийн дөрөв дэх шилдэг 40-д багтсан бүтээл болсон юм. Өмнө нь тус жагсаалтад “Bad Dreams” 30 дугаар байр, “The Door” 24 дүгээр байрт хүрч байсан бол “Lose Control” бүтээл нь нэг долоо хоног тэргүүлж, улмаар 2024 оны жилийн эцсийн Hot 100 жагсаалтыг тэргүүлсэн түүхтэй.
Свимс өөрийн зорилгодоо хэрхэн ханддаг талаараа энэ оны эхээр Billboard News-ийн Тетрис Келлид өгсөн ярилцлагадаа: “Зорилгодоо хүрэх бүрдээ би талархдаг ч хэзээ ч бүрэн ханадаггүй. Хүний хараа 20 милийн цаадахыг хардаг шиг, тэр 20 мильдээ хүрэхэд дахиад 20 миль харагдаж, явах зам их байгааг ойлгодог. Тиймээс амжилтаа тэмдэглэхийг хичээдэг ч шилдэг нь байхыг хүсдэг” хэмээн хуваалцжээ. Түүнчлэн одоо 16 сартай хүүгийн аав болсон тэрбээр “Би бас хүүдээ κүүл аав гэж харагдахыг хүсдэг” хэмээн ярьсан байна.