Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тесла компани оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч борлуулалтын өсөлт нь компанийн ашигт ажиллагаанд төдийлөн сайнаар нөлөөлөөгүй бололтой.
Теслагийн орлого өссөн боловч зардал нь мөн адил нэмэгдсэнээр компанийн ашгийн хэмжээ ердөө 1.4 хувь болж буурчээ. Цахилгаан автомашины бизнесээс тус компани 20.5 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оныхоос 23 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэхдээ өмнөх хүндрэлтэй үеүүдэд ашигт ажиллагааг хадгалахад гол үүрэг гүйцэтгэж байсан зохицуулалтын кредитүүдээс ердөө 146 сая доллар орж ирсэн байна. АНУ-д эдгээр кредитийг 2025 онд Илон Маскийн дэмжлэгтэйгээр цуцалсан билээ.
Бизнесийн бусад салбарын өсөлт
Компанийн эрчим хүч, хадгалалтын бизнес 13 хувиар өсөж, 3.1 тэрбум долларын орлого олжээ. Хамгийн өндөр өсөлтийг үйлчилгээний салбар үзүүлсэн бөгөөд орлого нь хоёр дахин нэмэгдэж 4.6 тэрбум долларт хүрсэн байна. Энэхүү өсөлтөд FSD буюу жолоочид туслах автомат системийг нэг удаагийн төлбөрөөр бус, сар бүрийн захиалгын системд шилжүүлсэн нь гол нөлөө үзүүлжээ. Энэхүү систем нь гүйцэтгэх захирал Илон Маскийн цалин хөлсний багцтай салшгүй холбоотой юм.