Дэлхийн санхүүгийн салбарын томоохон албан тушаалтнууд хиймэл оюун ухааны (AI) хурдацтай хөгжил болон түүний санхүүгийн зах зээлд дагуулж болзошгүй эрсдэлийн талаар түгшүүрийн дохио өгч эхэллээ.

Их Британийн санхүүгийн зохицуулах байгууллага болох Санхүүгийн үйл ажиллагааны удирдах газрын (FCA) гүйцэтгэх захирал Нихил Рати энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ хиймэл оюун ухааныг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхдээ илүү няхуур хандах шаардлагатайг онцолсон байна.

Тэрээр хэлэхдээ, "Бид хиймэл оюун ухааны зах зээлтэй ажиллахдаа илүү хамтын ажиллагаанд суурилсан, шинэ арга барил, шинэ хэрэгслүүдийг боловсруулж, эргэцүүлэн бодох шаардлагатай байна" гэжээ.

Хиймэл оюун ухаан нь санхүүгийн салбарт бие даан шийдвэр гаргах чадвартай (agentic AI) болж буй нь зохицуулагчдын анхаарлыг татаж байгаа гол хүчин зүйл юм. Энэхүү дэвшилтэт технологи нь зах зээлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, түүнээс үүсэх эрсдэлийг хэрхэн удирдах нь одоогоор олон улсын санхүүгийн салбарын гол хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.