Украины зэвсэгт хүчин байлдааны талбарт ашиглаж буй хямд өртөгтэй дронуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 400 долларын өртөгтэй, тэсрэх бодис тээгч Shrike нэртэй дронуудыг ашиглан хуягт техник болон нисдэг тэргийг устгаж байгаа юм.

Украины SkyFall компаниас үйлдвэрлэж буй эдгээр дронуудад АНУ-ын Auterion компанийн бүтээсэн хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж болон программ хангамжийг суурилуулж эхэлжээ. Долоодугаар сарын дунд үеэс эхлэн Украины армид эдгээр шинэчлэгдсэн дронууд ирж эхэлсэн бөгөөд ойрын саруудад нийт 50,000 ширхэг ийм төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна.

Auterion компанийн Skynode S хэмээх энэхүү систем нь операторуудад дроныг гараар удирдан байлдааны бүсэд хүргэх боломжийг олгодог. Үүний дараа оператор хагас миль буюу 800 орчим метрийн зайд байгаа байг зааж өгөх бөгөөд дараа нь "fire-and-forget" буюу "харваад л март" горимд шилжүүлэх боломжтой болно. Auterion компанийн гүйцэтгэх захирал Лоренц Мейерийн тайлбарласнаар, энэхүү горимд шилжсэнээр дрон байг бие даан мөрдөж, автоматаар чиглүүлэн онох чадвартай болох юм.