АНУ-ын Флорида мужийн Тээврийн департамент хууль сахиулах байгууллагуудад мужийн хурдны замын зурвас газарт автомашины улсын дугаар автоматаар таних төхөөрөмж (ALPR) ашиглах зөвшөөрлийг албан ёсоор цуцаллаа. Цагдаагийн байгууллагуудад эдгээр төхөөрөмжийг буулгахад 30 хоногийн хугацаа олгоод байна.

Энэхүү шийдвэр нь Flock Safety төдийгүй Axon, Motorola зэрэг бусад өрсөлдөгч компанийн төхөөрөмжүүдийг бүгдийг хамарч байгаа юм. Мужийн албаныхан камеруудын тоо огцом өссөн, мэдээллийн нууцлал алдагдах болон тандалтын схемтэй холбоотой эрсдэлүүд үүссэн хэмээн тайлбарлажээ. Флорида нь хурдны замуудаасаа уг төхөөрөмжүүдийг шинээр суурилуулахыг түр зогсоох эсвэл санхүүжилтийг нь танах бус, бүрмөсөн буулгах захирамж өгсөн анхны муж болж байх шиг байна.

Орон нутгийн түвшинд авч буй арга хэмжээнүүд

Дээрх тушаал зөвхөн мужийн хурдны замын зурваст хамаарах бөгөөд орон нутгийн замууд болон хувийн эзэмшлийн бүсэд хамаарахгүй юм. Гэсэн хэдий ч Жэксонвилл хотын Шерифийн газар тус технологийг мөрдөн шалгахад үнэ цэнтэй хэрэгсэл хэмээн тодорхойлсон ч Duval тойрогт хэрэглэхийг шууд зогсоохоо мэдэгджээ. Мөн Паско, Манати тойргууд уг төхөөрөмжийг хориглох болон буулгах алхам хийсэн бол Овьедо хотын захирагч есдүгээр сарын эцэс гэхэд бүх камеруудыг бүрэн буулгасан байна гэв.

Флорида мужийн захирагч Рон ДеСантис дугаар таних төхөөрөмжүүдийн тархалт хяналтаас гарч, тандалтын систем үүсэх эрсдэлтэйг өмнө нь анхааруулж байсан юм. Тэрээр эдгээр камер зөвхөн автомашины дугаарыг бус, машин доторх хүмүүсийг давхар бичиж, мэдээлснээсээ илүү их дата цуглуулж байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа илэрхийлжээ.

Компанийн байр суурь ба бусад мужуудын нөхцөл байдал

Харин Flock Safety компанийн зүгээс бүрэн хориглох нь буруу хариу үйлдэл бөгөөд тус камерууд нь ноцтой гэмт хэргийг илрүүлэх, хулгайлагдсан тээврийн хэрэгслийг олох, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайхад тусалдаг гэж мэдэгдэв. Тэд хориг тавихын оронд хувийн нууцлал, ил тод байдлыг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ төрлийн төхөөрөмжтэй холбоотой эргэлзээ зөвхөн Флоридоор хязгаарлагдахгүй байгаа бөгөөд тухайлбал Техас мужийн захирагч Грег Эбботт Flock компанийн камеруудын санхүүжилтийг зогсоох чиглэлийг өгчээ. Техаст Луфкин хотын цагдаагийн ажилтан Flock-ийн мэдээллийн сангаас зөвшөөрөлгүй хайлт хийсэн хэрэгт холбогдож, гэмт хэргийн 100 зүйл ангиар буруутгагдсан нь үүнд нөлөөлсөн байна.