Фэйсбүүк платформ контент бүтээгчдийг аналитик тоо баримт дунд цаг үрэх бус, харин контент хийхдээ илүү анхаарах боломжийг олгох шинэ шийдлийг санал болгож байна. Тэд наймдугаар сарын 12-ны өдөр шинэчлэгдсэн Creator Studio аппликейшнийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү бие даасан аппликейшн нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар контент бүтээгчдэд өөрсдийн үзүүлэлтийг ойлгох, дараагийн постоо төлөвлөх, дагагчидтайгаа эргэх холбоотой ажиллахад нь туслах зориулалттай бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлсэн хязгаарлагдмал туршилтын дараа ийнхүү гарч байна.

Мета компани тус шинэ аппликейшнийг фэйсбүүкийн контент бүтээгчдэд зориулсан "хиймэл оюун ухаанаар ажилладаг өдөр тутмын туслах" хэмээн тодорхойлжээ. Одоогоор уг аппликейшн нь АНУ болон Канадын iOS үйлдлийн системтэй хэрэглэгчдэд нээлттэй болоод байгаа бөгөөд Андройд хувилбар нь дараа нь гарах хүлээлттэй байна.

Хиймэл оюун ухаант туслах юу хийж чадах вэ?

Creator Studio аппликейшнийг нээхэд контент бүтээгчийн тухайн өдрийн тэргүүлэх чиглэлийн жагсаалт харагдах бөгөөд үүнд сүүлийн постыг хянах, зорилтын ахицыг шалгах, сэтгэгдэлд хариулах зэрэг ажлууд багтаж болно. Аппликейшний төв хэсэгт Фэйсбүүкийн хиймэл оюун ухаант туслах байрлах бөгөөд энэ нь тухайн бүтээгчийн контент, хандалт, үзэгчдийн оролцоо болон тавьсан зорилго дээр үндэслэн зөвлөмж өгөх юм.

Бүтээгчид нарийн төвөгтэй аналитик цэс рүү орохын оронд туслахаас "Би хэзээ пост оруулах вэ?", "Миний энэ Reels яагаад бусдаасаа илүү хандалт авсан бэ?" гэх мэт асуултуудыг асууж, дараагийн постоо хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө авах боломжтой. Мөн туслах нь ижил төстэй чиглэлийн бусад бүтээгчдээс суралцах, трэнд болон форматыг санал болгодог байна. Үүнээс гадна сэтгэгдэл бичсэн хүмүүст тухайн бүтээгчийн өөрийнх нь харилцааны өнгө аясаар хариултын ноорог бэлдэж өгөх бөгөөд бүтээгч түүнийг нь хянаж, засаад нийтлэх боломжтой.

Эхний туршилтын үр дүнгүүд

Метагийн мэдээлснээр зарим эхэн үеийн туршигчид аппликейшний зөвлөмжийн дагуу стратегиа аль хэдийн өөрчилж эхэлжээ. Тухайлбал, эрүүл мэнд, хоолны контент бүтээгч Mymanabites санал болгосон форматыг туршиж үзээд ганцхан видеоноос 4,000 дагагч шинээр цуглуулсан бөгөөд үзэгчдийнх нь 82 хувь нь өмнө нь дагаагүй байсан хүмүүс байжээ. Мөн контент бүтээгч, кино найруулагч Майкл Тушаус уг туслахын стратегийг ашигласан эхний долоон хоногтоо өөрийн орлогыг 144 хувиар өсгөж чадсан гэж ярьжээ.

Энэхүү алхам нь Мета компанийн хувьд өрсөлдөгчидтэйгөө тэмцэх чухал стратеги юм. Учир нь TikTok-ийн "AI Outline" болон YouTube-ийн "Ask Studio" зэрэг хэрэгслүүд ижил төстэй үйлчилгээг хэдийн санал болгож байгаа бөгөөд платформууд контент бүтээгчдийн гол зангилаа болохын төлөө өрсөлдөж байна. Сүүлийн үед Мета компани Forum, Instants, Seller, StoryKit зэрэг хэд хэдэн бие даасан аппликейшнүүдийг шинээр гаргаж, туршиж байгаагийн нэг нь энэхүү Creator Studio болж байна.