АНУ-ын Холбооны давж заалдах шатны 7 дугаар тойргийн шүүх хиймэл оюун ухаанаар (AI) үүсгэсэн хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контенттой (CSAM) холбоотой маргаантай шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын сүүлээр гаргасан тус шийдвэрт бодит хүүхдийг дүрслээгүй, зөвхөн хиймэл оюунаар бүтээсэн садар самуун дүрсийг гэртээ эзэмшиж, хадгалах нь АНУ-ын Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан эрхэд хамаарна гэж үзсэн байна.
Хуучин жишиг шийдвэр шинэ технологитой зөрчилдсөн нь
Жорж Вашингтоны их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Мэри Энн Фрэнкс-ийн тайлбарласнаар, шүүх олон арван жилийн өмнөх хуулийн жишгийг баримталжээ. Тухайлбал, 1969 оны "Стэнли Жоржиагийн эсрэг" хэрэгт АНУ-ын Дээд шүүх иргэд гэртээ садар самуун материал хадгалах эрхтэй гэж шийдвэрлэж байсан юм. Хэдийгээр 1990 онд "Осборн Охайогийн эсрэг" хэргээр хүүхдийн порнографийг үл хамаарах онцгой тохиолдол болгосон ч, энэ нь өнөөгийн хиймэл оюунаар бүтээсэн хэт бодит зураг, дүрслэлд бүрэн нийцэхгүй байгаа аж.
Энэхүү шийдвэрийг гаргасан шүүгч Жон З. Ли болон Жошуа П. Колар нар ч дүгнэлтэд таагүй хандаж буйгаа илэрхийлж, Дээд шүүхэд хандан цаашид тохиромжтой хэрэг гарвал Үндсэн хуулийн Нэгдүгээр нэмэлт өөрчлөлт болон виртуал хүүхдийн бэлгийн хүчирхийллийн контентын зааг ялгааг дахин эргэж харах дохио өгсөн байна. Профессор Фрэнкс шүүгчдийн энэ үйлдлийг "ер бусын" алхам гэж тодорхойлжээ.
Хэрэг явдлын тухай
Энэхүү шийдвэр нь программ хангамжийн инженер Стивен Андерегг-т холбогдох холбооны хэрэгтэй холбоотой юм. Тэрбээр хиймэл оюуны хэрэгсэл ашиглан хэт бодит садар самуун дүрслэл үүсгэж, улмаар 2023 оны аравдугаар сард Instagram-ийн шууд зурвасаар (DM) насанд хүрээгүй хүүхэд рүү илгээсэн гэж буруутгагдсан байна.
Instagram-ийг эзэмшигч Meta компани үүнийг илрүүлж, Алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төвд (NCMEC) мэдээлснээр хууль сахиулах байгууллага Андереггийг баривчилжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад Андереггийн уг материалыг гэртээ хадгалсан гэх ялыг хэрэгсэхгүй болгосон боловч тэрбээр хиймэл оюунаар бүтээсэн хүүхдийн садар самуун материалыг үйлдвэрлэсэн болон түгээсэн гэх бусад хэргээрээ шалгагдсан хэвээр байна.