Өнөө үед олон байгууллага ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хиймэл оюун ухааны (AI) чатботуудыг ашиглах болсон. Гэвч ихэнх тохиолдолд эдгээр хэрэгслийг ашиглан сурсан зүйлс бодит амьдрал дээр хэрэгжихгүй, эсвэл хурдан мартагдах асуудал тулгардаг. Fast Company сэтгүүлийн мэдээлснээр, энэ нь суралцах үйл явц тархины үйл ажиллагаатай уялдаагүй байгаатай холбоотой юм.

AI-аас авсан мэдээллийг зүгээр л уншаад өнгөрөх нь суралцах үйл явцыг бүрэн гүйцэд хийхгүй байгаа хэрэг бөгөөд энэ нь ихэвчлэн "автомат горим"-д шилжсэнтэй адил үр дүн авчирдаг. Иймээс байгууллагууд болон хувь хүмүүс хиймэл оюун ухаантай ажиллахдаа мэдрэл судлалын зарчмуудыг анхаарах шаардлагатай байна.

Хиймэл оюун ухаантай идэвхтэй хамтран ажиллах

Суралцах үйл явцын эхний алхам бол анхаарал хандуулах юм. Хүмүүс анхаарлаа төвлөрүүлэхдээ амархан сарнидаг тул хиймэл оюун ухаанаас зүгээр л бэлэн хариулт авах нь суралцах үйл явцыг хөнгөвчилж буй мэт боловч, үнэн хэрэгтээ энэ нь хямдхан анхаарал юм. Хэрэглэгчид өөрсдийн шүүмжлэлт сэтгэлгээг ашиглан AI-тай идэвхтэй хамтран ажиллаж, асуулт асуух, таамаглалыг нь сорих, шинэ боломжуудыг эрэлхийлэх замаар мэдлэгийг гүнзгийрүүлэх хэрэгтэй.

Шинэ ойлголтыг өөрөө бүтээх

Судалгаагаар суралцах үйл явц нь бид идэвхтэй оролцсон үед хамгийн үр дүнтэй болдог болохыг тогтоожээ. Мэдээллийг өөрийн үгээр илэрхийлэх, бүтээлчээр ашиглах, эсвэл бусадтай хуваалцах нь мэдрэлийн түвшинд уг мэдээллийг тархинд илүү бат бөх хадгалахад тусалдаг. Ингэснээр хүн хиймэл оюун ухааны өгсөн мэдээллийг зөвхөн хүлээн авагч бус, харин өөрийн ур чадварыг хөгжүүлэгч бүтээгч болох юм.

Хүний ур чадвар хиймэл оюун ухааны эрин үед улам бүр үнэ цэнтэй болж байгаа тул мэдлэгийг урт хугацааны санах ойд хадгалж, даралттай нөхцөлд ч хялбар ашиглах нь чухал байна.