Технологийн хөгжлийг даган луйварчид хиймэл оюун ухааныг (AI) ашиглан өөрсдийн хууран мэхлэх ажиллагааг илүү боловсронгуй, үнэмшилтэй болгох болжээ. Энэхүү асуудал нь дэлхий даяар жил бүр олон арван тэрбум долларын хохирол учруулдаг томоохон аюул болоод байна. Тэгвэл хиймэл оюун ухаан нь зөвхөн туслах хэрэгсэл төдий бус, бүрэн бие даасан байдлаар луйврын үйл ажиллагааг удирдан явуулж чадах эсэх нь анхаарал татаж байна.
Энэтхэг, Итали, Австрали болон Израилийн дөрвөн их сургуулийн судлаачид хамтран хиймэл оюун ухааны чатботуудын луйврын салбар дахь боломжийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийжээ. Тэдний анхаарлын төвд “гахай нядлах” буюу “pig butchering” гэгддэг луйврын төрөл байв. Энэ нь ихэвчлэн сошиал орчинд хайр дурлалын харилцаа тогтоох нэрийн дор эхэлж, улмаар хохирогчийг хуурамч криптовалютын хөрөнгө оруулалт руу чиглүүлэн, их хэмжээний мөнгө алдагдуулдаг залилан юм.
Судалгааны хүрээнд судлаачид хиймэл оюун ухааны чатботуудыг бодит хүмүүстэй тулган, луйврын явцыг дуурайлган туршсан байна. Ялангуяа хохирогчтой удаан хугацааны турш харилцаа тогтоож, итгэлийг нь олох үе шатанд хиймэл оюун ухаан хэрхэн ажиллаж байгааг ажиглажээ. Бодит амьдрал дээр энэхүү итгэлцлийг бий болгох үе шат нь хэдэн сараар үргэлжилдэг хамгийн урт хугацаатай хэсэг байдаг.
Туршилтын үр дүнгээс харахад, хиймэл оюун ухааны чатбот нь хүнийг дуурайх тал дээр гайхалтай үр дүнтэй байсан төдийгүй зарим үзүүлэлтээр бодит луйварчдаас ч илүү итгэл төрүүлж чадаж байв. Энэхүү судалгаа нь AI технологи нь залилангийн үйл ажиллагаанд хэрхэн аюултай хүчин зүйл болж байгааг нотолж байна.