Дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд орших нэгэн ер бусын галактик нэгэн зэрэг хоёр өөр чиглэлд эргэлддэг болохыг одон орон судлаачид ажиглажээ. Эрдэмтэд уг галактикийг өөр жижиг хөрш галактикаа залгисныхаа дараа ийм хэлбэртэй болсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.
Дэлхийн тойрог замд ажилладаг NASA-гийн Хаббл (Hubble) сансрын дуран уг NGC 4698 хэмээх галактикийн нарийвчилсан зургийг саяхан буулгасан байна. Энэхүү галактик нь манай дэлхийд хамгийн ойр орших том галактикийн бөөгнөрөл болох 1,000 гаруй гишүүнтэй Охины (Virgo) ордонд байрладаг аж.
Ер бусын бүтэц ба эргэлт
Энгийнээр төсөөлбөл, уг галактик нь хуруугаа тойруулан эргүүлж буй цагираг боов шиг харагдана. Түүний гэрэлт цагираг гар нь гол хэсгээ хоосон орхиж, Сүүн зам зэрэг ихэнх мушгиа галактикийн адил хавтгай чиглэлд эргэлддэг. Харин тэрхүү голын нүхэн дотор өөр нэг зууван хэлбэртэй оддын бөөгнөрөл босоо байрлалтайгаар буюу том цагирагтаа перпендикуляр чиглэлд эргэлдэж байгаа юм.
Галактик доторх бүх биет хоорондоо наалдаагүй тул нэг хэсэг одод хавтгай тойргоор, нөгөө хэсэг нь хөндлөн чиглэлд зэрэг эргэлдэх боломж бүрддэг байна.
Мөргөлдөөний ул мөр
Эрдэмтдийн таамаглаж буйгаар ямар нэгэн сансрын мөргөлдөөний улмаас ийм давхар эргэлт үүссэн байж болзошгүй. Гаднын хий уг галактикийн голын хөндий рүү унаж, төвдөө бөөгнөрөн өөрийн чиглэлээр эргэлдэж эхэлсэн байх магадлалтай аж. Уг таамгийг NASA-гийн зарим ажиглалтууд бататгаж байгаа бөгөөд нэг тал руугаа сунасан устөрөгчийн богино сүүл нь эрт цагт жижиг галактик залгигдсаныг илтгэж байж магадгүй гэнэ.
Хаббл дурангийн энэхүү төсөл нь Охины бөөгнөрөл дэх галактикуудын нарийн бүтцийг судалж, тэдгээр нь олноороо бөөгнөрсөн орчинд шилжихдээ хэрхэн хувьсан өөрчлөгддөг, шинэ од үүсэхэд хэрхэн нөлөөлдгийг мэдэх зорилготой юм.