Илон Маск 2023 онд Twitter платформыг бүхэлд нь шинэчилж, хуучин нэр болон алдарт цэнхэр шувууны логог халж, «X» болгон өөрчилсөн билээ. Тэгвэл анх «Operation Bluebird» нэртэй байсан нэгэн стартап орхигдсон энэхүү брэндингийг ашиглан «Twitter.now» хэмээх сошиал платформ үүсгэхээр оролдсон нь шүүхийн маргаан дагуулсан байна.

Өнгөц харахад зохиогчийн эрх зөрчсөн илэрхий хэрэг мэт харагдаж байсан ч АНУ-ын Делавэр мужийн тойргийн шүүхээс гэнэтийн шийдвэр гаргажээ. Ерөнхий шүүгч Колм Ф. Конноллийн үзсэнээр X компани «tweet» гэдэг үг болон цэнхэр шувууны логог аль хэдийн орхисон тул тэдгээрийг бусад этгээд чөлөөтэй ашиглах боломжтой болсон гэж үзсэн байна. Гэхдээ шүүх платформын нэрэнд «Twitter» гэдэг үгийг ашиглахыг хоригложээ. Учир нь X компани Twitter.com домэйн нэрийг эзэмшсэн хэвээр байгаа бөгөөд олон хэрэглэгч тус платформыг Twitter гэж нэрлэсээр байгаа тул хоёр тал зэрэг хэрэглэх нь төөрөгдөл үүсгэнэ гэж шүүгч тайлбарласан байна.

Шинэ платформ «Tweet.app» нэрээр гарна

Шүүгчийн шийдвэрийн дагуу цаашид гарч болзошгүй хуулийн маргаанаас сэргийлж «Operation Bluebird» компани дахин репрендинг хийж, платформдоо «Tweet.app» гэх шинэ нэр өгчээ. Тэд «Талбай эргэн ирлээ. Энэ удаад энэ нь таных» гэсэн уриа дэвшүүлж, X.com болон Илон Маск руу хандан «Дэлхийн хамгийн баян хүн хотын төв талбайг худалдаж аваад, нэрийг нь сольж, гарахдаа шувууг нь хаясан. Гурван жил өнгөрч, их хэмжээний мөнгө зарцуулсан ч хүмүүс «tweet» гэж ярьсаар байна. Тиймээс бид түүний хаясныг эргүүлэн авч, хамгийн түрүүнд худалдагдсан зүйл болох Итгэлцэл дээр талбайг дахин босголоо» гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Tweet.app албан ёсоор нээгдээгүй байгаа ч хэрэглэгчид урьдчилан бүртгүүлж байна. Хэрэглэгчид нэг удаагийн 20 ам.долларын төлбөртэй «Founder» эсвэл 40 ам.долларын төлбөртэй «Fighter» эрхээр бүртгүүлэх боломжтой. TechCrunch-ийн мэдээлснээр 170,000 гаруй хүн аль хэдийн бүртгүүлээд байна. Tweet.app нь X.com платформыг орлох уу, эсвэл зардал ихтэй хуулийн маргаанд унах уу гэдгийг цаг хугацаа л харуулах үлдлээ.