Испанийн хөлбөмбөгчин Педри энэ ням гарагт талбайд гарахдаа Adidas Predator загварын пүүз өмсөх бөгөөд уг пүүзний Nanostrike+ даавуунд байрлах микро бүтэц нь бөмбөг хянах чадварыг сайжруулдаг байна. Иллинойс Урбана-Шампейн их сургуулийн механик инженерийн профессор Билл Кингийн зохион бүтээсэн энэхүү технологи нь гадаргуугийн үрэлтийг нарийн тохируулснаар бороотой эсвэл шавартай нөхцөлд ч хөлбөмбөгчдөд тогтвортой барьцалдах боломжийг олгодог.
Шавьжнаас санаа авсан технологи
Энэхүү технологийн санаа нь шавьжны хөлний бүтэц буюу ургамал дээр бат бөх атлаа гэмтээлгүйгээр явдаг tarsus хэмээх нарийн өргөст хэсгээс эхтэй. Профессор Билл Кинг болон түүний багийнхан 20 жилийн өмнөөс усны хамгаалалттай, атгалт сайтай гадаргууг бүтээхээр ажиллаж эхэлсэн бөгөөд анх батлан хамгаалах болон эрчим хүчний салбарт зориулсан микро бүтэцтэй төхөөрөмжүүдийг хөгжүүлж байжээ. Тэрээр 2006 онд Michelin компанийн инженер Ральф Хулсмантай хамтран Hoowaki компанийг үүсгэн байгуулж, уг технологийг өргөн хүрээнд арилжааны бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн байна.
Анагаах ухааны салбарт нэвтэрсэн нь
Hoowaki-ийн бүтээсэн микро бүтэцтэй материалууд нь зөвхөн хөлбөмбөгийн талбайд бус, анагаах ухаанд ч чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус компани улаан хоолойн мэс заслын дараа оёдол тавих шаардлагагүй болгох хоолой болон бүдүүн гэдэсний хорт хавдрын дараа гэдэсний эд эсийг нөхөн сэргээх эмнэлгийн хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Уг микро бүтэц нь үрэлтийг нэмэгдүүлж, биеийн эд эсийг хооронд нь барьж, эдгэрэлтийг хурдасгадаг байна. Профессор Кингийн хэлснээр, өдгөө хэдэн зуун өвчтөн бие дотроо энэхүү микро бүтэцтэй төхөөрөмжийг суулгуулсан байдалтай амьдарч байна.
Adidas компани өмнө нь хэрэглэж байсан резинэн улны оронд энэхүү шинэ технологийг нэвтрүүлсэн нь тоглогчдод бөмбөгтэй харьцах мэдрэмжийг илүү оновчтой болгож байгаа аж. Энэ ням гарагт болох тоглолтод Педри болон Английн тоглогч Жуд Беллингем нарын өмсөх пүүзний гадаргуу дээрх жижиг сэртэнгүүд нь тоглолтын явцад бөмбөгний эргэлт болон хүчийг хянах боломжийг олгох юм.