Дэлхийн дулаарал улам бүр нэмэгдэж, үүний улмаас хэт халуун цаг агаар нүүрлэх болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн магадгүй хамгийн тодорхой үр дагавар билээ. Гэвч энэхүү асуудалд дүн шинжилгээ хийх арга барилаа өөрчилснөөр эрдэмтэд тус асуудлыг арай өөр өнцгөөс харж, зарим нэг гэнэтийн нээлтүүдийг хийх боломжтойг шинэ судалгаа харууллаа.

Ерөнхийдөө хэт халалтыг судлахдаа өдрийн хамгийн бага, хамгийн өндөр болон дундаж температурын үзүүлэлтүүдийг ямар нэгэн байдлаар хослуулан ашигладаг. Хэт халах хугацаа уртсах тусам хүний биед үзүүлэх таагүй мэдрэмж, эрүүл мэндийн сөрөг нөлөө нэмэгддэг тул зарим судалгаанууд эдгээр хэмжүүрийг ашиглан олон хоногоор үргэлжлэх халууны давалгаанд анхаарлаа хандуулдаг байна. Иймэрхүү дүн шинжилгээнд хэт халууныг тодорхойлохын тулд өнгөрсөн үеийн статистик мэдээлэл эсвэл хүний биеийн физиологийн хязгаарт үндэслэсэн өөр өөр босго үзүүлэлтүүдийг ашиглах боломжтой байдаг аж.

Тэгвэл Сун Ят-Сэний их сургуулийн Вэйлин Ляо болон Сюаньзун Жан нарын удирдсан шинэ судалгааны баг хэт халалтыг өдрөөр бус, цагийн түвшинд хуваан авч үзэхийг оролдсон байна. Ийнхүү цаг тутамд хянах шинэ арга барилыг ашигласан нь уур амьсгалын өөрчлөлтийг улам бүр дордуулан харагдуулж байгаа бөгөөд судалгааны явцад зарим нэгэн сонирхолтой нарийн ялгаануудыг илрүүлжээ.