Швейцарын Холбооны зөвлөл 2028 оноос эхлэн биткойн болон бусад дижитал хөрөнгө эзэмшигчдийн татварын мэдээллийг автоматаар солилцох 57 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталжээ. Тус улсын Олон улсын санхүүгийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга нарын газраас (SIF) мэдээлснээр уг жагсаалтад Европын Холбооны бүх гишүүн улс, Их Британи болон Их 20-ийн (G20) зарим орнууд багтсан байна.

Энэхүү мэдээлэл солилцоо нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) CARF (Крипто хөрөнгийн тайлагналын хүрээ) стандартын дагуу хэрэгжих юм. Швейцарын эрх баригчид 57 улсын бүтэн нэрсийг олон нийтэд бүрэн зарлаагүй байна.

Мэдээлэл бүх улсад шууд очихгүй

Баталсан жагсаалтад орсон бүх улсад мэдээлэл шууд очно гэсэн үг биш юм. Мэдээлэл солилцохын тулд тухайн түнш улс Швейцартай мэдээлэл солилцох хүсэлтэй байх бөгөөд нууцлал, мэдээллийн аюулгүй байдал зэрэг OECD-ийн нарийн шалгуурыг бүрэн хангасан байх шаардлагатай. Холбооны зөвлөл аливаа мэдээллийг шилжүүлэхээсээ өмнө түнш бүрийг тусгайлан шалгах аж.

Швейцар анх 2025 оны зургаадугаар сард 74 улстай мэдээлэл солилцохоор төлөвлөж байсан ч эцсийн жагсаалтад багтсан орны тоо 57 болж цөөрсөн байна. Харин АНУ 2029 оноос CARF хүрээнд мэдээлэл солилцож эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Бусад улсуудын нөхцөл байдал

АНУ-ын товлосон цаг хугацаа бусад орны бодлогод ч нөлөөлж байна. Тухайлбал, Өмнөд Солонгос улс крипто арилжааны 22 хувийн татвараа 2029 он хүртэл хойшлуулаад буй бөгөөд үүний нэг шалтгаан нь тухайн он хүртэл АНУ-аас арилжааны мэдээлэл авах боломжгүй байгаатай хэсэгчлэн холбоотой гэж тайлбарлажээ. Албаныхны үзэж буйгаар эрт татвар ногдуулах нь дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан гэнэ.

Европын орнуудад ч крипто зохицуулалтын асуудал ид өрнөж байгаа бөгөөд Францын Сенат биткойн эзэмшигчдийг хувийн хэтэвчээ заавал мэдүүлэх дүрмийг няцаасан бол ЕХ-ны орнууд энэ жилээс DAC8 зааврын дагуу гүйлгээний мэдээлэл цуглуулж эхэлжээ.