Шивээс хийлгэх үеийн өвдөлт болон дараах арчилгааны асуудлыг шийдвэрлэхээр Лондон хотод төвтэй CipherX компани шинэлэг бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тус компанийн бүтээсэн Microdot Tattoos гэх төхөөрөмж нь уламжлалт шивээсний зүүг орлох микро зүү бүхий капсулыг ашигладаг байна.
Уламжлалт шивээсний машин нь арьсны гүн давхарга руу нэвтэрч, өвдөлт ихтэй байдаг бол уг технологи нь арьсны өнгөн хэсэгт л нөлөөлдөг. CipherX-ийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Фердинанд Колегийн тайлбарласнаар, уг микро зүү нь арьсны чийгтэй харьцах даруйдаа уусдаг тул шивээсний бэхийг арьсны зөв давхаргад шууд дамжуулдаг байна. Энэ үйл явц нь үсээ самнахтай адил өвдөлт багатай гэдгээрээ онцлог юм.
Технологийн онцлог
Энэхүү систем нь микроскопийн жижиг цэгүүдийг ашиглан дүрс бүтээдэг бөгөөд жижиг хэмжээний шивээс хийхэд зориулагджээ. Мөн шивээс хийлгэсний дараах арчилгаа нь ердөө 48 цаг үргэлжилдэг нь уламжлалт аргаас хамаагүй богино хугацаа юм. Уг төхөөрөмжийг бүтээхдээ бруталист архитектурын хэв маягаас санаа авч, бат бөх, хүнд жинтэй байхаар зохион бүтээжээ.
Тус компани нь Лондонгийн Шордич дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд хэрэглэгчид өөрсдийн шивээсний загварыг компьютер дээр зохион бүтээх боломжтой юм. Энэхүү технологи нь зүү, цус эсвэл өвдөлтөөс айдаг хүмүүст шивээс хийлгэхэд илүү хялбар, таатай сонголтыг санал болгож байна.