Технологийн томоохон компани болох Apple есдүгээр сарыг тун завгүй өнгөрүүлсэн ч ойрын саруудад шинэ бүтээгдэхүүнүүдээ үргэлжлүүлэн танилцуулахаар төлөвлөж байгаа бололтой. Тус компанийн анхны нугардаг утас болох iPhone Duo энэ аравдугаар сард худалдаанд гарах бөгөөд 1,999 ам.долларын үнэтэй уг утаснаас хамаагүй хямд буюу 599 ам.долларын үнэтэй iPad mini зах зээл дээр байр сууриа хадгалсаар байх магадлалтай байна.
iPad mini-ийн шинэчлэлтүүд
MacRumors-ийн мэдээлснээр, Apple шинэ үеийн iPad mini-г A20 Pro чип, хэвтээ байрлалтай урд камер болон шинэчлэгдсэн чанга яригчийн системийн хамт гаргахаар бэлтгэж байгаа аж. Мөн уг таблет нь усны хамгаалалттай байх ба үл ялиг томорсон OLED дэлгэцтэй ирж магадгүй гэсэн мэдээлэл өмнө нь гарч байжээ. Яг хэзээ нээлтээ хийх нь тодорхойгүй байгаа ч Bloomberg-ийн Марк Гурманы өмнө нь мэдээлснээр аравдугаар сарын сүүлчээр танилцуулагдаж болзошгүй юм.
HomePod mini 2 болон шинэ Apple TV 4K
Үүнээс гадна тус компани HomePod mini 2 төхөөрөмжийг гаргахаар төлөвлөж байгаа ба энэ нь шинэ чиптэй, Siri хиймэл оюуны дэмжлэгтэй байх төлөвтэй байна. Өнгөний хувьд ногоон, ягаан, цэнхэр, цагаан, хар гэсэн таван сонголттой байх ба одоогийн цэнхэр өнгөнөөсөө арай цайвар туяатай болох талаар мэдээлжээ. HomePod mini 2-ийн нээлтийн хугацаа нарийн тодорхойгүй ч энэ он дуусахаас өмнө тохиох төлөвтэй байна.
Мөн Apple дөрөв дэх үеийн Apple TV 4K-ийг танилцуулах магадлалтай байгаа юм. Уг төхөөрөмжийн гадаад үзэмж одоогийн загвартай ижил байх ч A17 Pro эсвэл түүнээс сайн чип, өмнөх 4GB-аас нэмэгдсэн 8GB шуурхай санах ой (RAM), Siri хиймэл оюуны дэмжлэг, Wi-Fi 7 дэмждэг шинэ N1 чип болон шинэчлэгдсэн удирдлагатай гарах төлөвтэй байна.
Дээрх бүх мэдээллүүд нь Apple-ийн кодонд нуугдсан бодит зургийн файлуудаас илэрсэн тул бодит байх магадлал тун өндөр юм. Албан ёсны нээлтийн өдөр зарлагдаагүй байгаа хэдий ч компани эдгээр хэд хэдэн бүтээгдэхүүнийг аравдугаар сард хамтад нь танилцуулж магадгүй байна.