Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий эрхэм байсан Шон “Дидди” Комбс (Sean “Diddy” Combs)-ыг Нью-Жерси муж дахь бага дэглэмтэй холбооны хорих ангиас Пенсильвани муж дахь ижил түвшний шорон руу шилжүүлсэн тухай Billboard мэдээллээ.
АНУ-ын Холбооны шоронгийн товчооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Комбсыг Баасан гарагт (10-р сарын 16) Нью-Жерсигийн FCI Fort Dix хорих ангиас Пенсильвани мужийн FCI Allenwood шоронгийн бага дэглэмтэй хэсэг рүү шилжүүлсэн байна. Албаныхан хувийн нууцлал болон аюулгүй байдлын үүднээс хоригдлуудын нөхцөл байдал болон шилжүүлсэн шалтгааныг тайлбарлахаас татгалзжээ.
Комбс нь “freak-offs” хэмээх мужууд дамжсан биеэ үнэлэлтийн арга хэмжээ зохион байгуулсан хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсож, 2025 оны 10-р сараас хойш Fort Dix шоронд хоригдож байсан юм. Үүнээс өмнө тэрээр Брүүклиний Metropolitan Detention Center-т нэг жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацааг нийт ялын хэмжээнд тооцох аж.
Мэдээлснээр, тэрээр Fort Dix хорих ангид ирснээсээ хойш хэд хэдэн удаагийн зодоонд холбогдож, нэг бус удаа сахилгын өрөөнд орж байжээ. Түүнчлэн 9-р сард цацагдсан NBC News-ийн эрэн сурвалжлах мэдээллээр түүнийг шоронд ухаалаг утас, хятад массаж болон Hennessy коньяк зэргийг ашиглан "тансаг" амьдарч байсан тухай өгүүлсэн байна.
Одоогоор түүнийг 2028 оны 3-р сард суллахаар товлосон байгаа ч энэ хугацаа өөрчлөгдөж болзошгүй юм. Мөн тэрээр тангарагтны шүүхээс рекет болон бэлгийн наймааны илүү ноцтой хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг анхан шатны шүүгч харгалзан үзээгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж, ялын хугацаагаа богиносгохыг хүсэж байна.