Шээсний замын халдвар нь хүний эрүүл мэндэд ноцтой үр дагавар авчирч болзошгүйг харуулсан нэгэн ховор тохиолдлыг “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтэлжээ. Өвчтөн нь 63 настай эмэгтэй бөгөөд биеийн байдал нь муудаж, гэнэт баруун нүдний хараагаа алдсаны улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эмч нар өвчтөний тархинд дүрс оношилгоо хийхэд баруун нүдний үрэвслээс гадна тархины хэсэгт гэмтэл илэрчээ. Тодруулбал, мэдрэхүйн мэдээллийг боловсруулах үүрэгтэй тархины париетал дэлбээнд асуудал үүссэнийг тогтоосон байна. Эмч нар өвчтөнийг тархины буглаатай гэж сэжиглэж, мэс заслын аргаар гавлын ясыг нээж үзэхэд дотроос нь идээ гарч иржээ.

Үүний зэрэгцээ цусан дахь халдвар болон бөөрний үйл ажиллагааны доголдол илэрсэн байна. Эмч нар өвчтөнөөс авсан шээсний хоёр дээжинд агуулагдах бактерийг тодорхойлохоор ажиллаж байна. Энэхүү тохиолдол нь бактерийн хувьсал өөрчлөлт хүний биед хэрхэн явагдаж, улмаар эрхтэн тогтолцоонд хэрхэн нөлөөлдгийг харуулсан ноцтой жишээ болж байгааг мэргэжилтнүүд онцолжээ.