Хүний нүд гэрлийн спектрийн хэт улаан туяаны хэсгийг мэдэрч чаддаггүй. Учир нь хэт улаан туяаны фотонууд нь бидний нүдний гэрэл мэдрэгч эсүүд доторх дохио дамжуулах замыг идэвхжүүлэхэд хангалттай энерги агуулдаггүй байна. Гэсэн хэдий ч бид хэт улаан туяаны орчинд юу болж байгааг дүрслэн харах боломжийг олгодог төхөөрөмжүүдийг бүтээсээр ирсэн билээ.
Бээжингийн Технологийн дээд сургуулийн судлаач Шин Тан болон Ге Му-гаар удирдуулсан баг хэт улаан туяаг цоо шинэ аргаар харах төхөөрөмжийг бүтээжээ. Стандарт шөнийн харааны төхөөрөмжүүд нь хэт улаан туяаг зөвхөн ногоон өнгийн сүүдэр болгон хувиргадаг бол энэхүү шинэ технологи нь өөр өөр долгионы урттай хэт улаан туяаг харагдах спектрийн өөр өөр хэсгүүдэд хувиргадаг байна. Ингэснээр хүний нүдэнд байгалийн үзэгдэлтэй илүү ойр, бодит дүрслэл харагдах боломжтой болжээ.
Технологийн шийдэл
Судлаачид энэхүү үр дүнд хүрэхийн тулд хэт улаан туяаг шингээдэг мөнгөн усны теллуридын квант цэгүүд (mercury telluride colloidal quantum dots) болон шингээсэн энергийг харагдах өнгө болгон хувиргадаг давхар давхаргат OLED дэлгэцийг хослуулан ашигласан байна. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг дотоод холболтын зөв зохион байгуулалттайгаар давхарлан байрлуулснаар, төхөөрөмж рүү орж буй хэт улаан туяаны цацраг нөгөө талд нь энгийн, бүрэн өнгөт дүрс болон гарч ирдэг ажээ.