Рок-н-роллын хаан гэгддэг домогт дуучин Элвис Преслигийн нэр хүнд, уран бүтээлийн эрхийг эзэмшигчид хиймэл оюун ухааны Suno компанийг шүүхэд өглөө. Энэхүү нэхэмжлэлийг өнгөрсөн баасан гарагт дуучны дууны сан, нэр, дүр төрх зэрэг оюуны өмчийг хянадаг Elvis Presley Enterprises (Authentic Brands Group-ийн харьяа) гаргасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар, Suno платформ нь хэрэглэгчдэдээ Преслигийн давтагдашгүй хоолойг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах (clone) боломж олгож, түүний дүр төрхийн эрхийг зөрчсөн гэж үзжээ. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч Ричард Буш "Элвисийн онцлог, хүн чанар, түүхийг тэр чигт нь хулгайлж, сервер дээрээ хадгалан, их хэмжээний ашиг олохын тулд ашиглаж байна" хэмээн мэдэгдсэн байна.
Хуулийн шинэ зохицуулалт
Энэхүү хэрэг нь хиймэл оюун ухаанаас үүдэлтэй зөрчлийг зохицуулахаар Теннесси мужид баталсан ELVIS Act хэмээх шинэ хуулийн хүрээнд үүсгэгдэж буй томоохон хэргүүдийн нэг болж байна. Тус хууль нь хууль бус deepfake үүсгэгчдээс гадна хоолой, дүр төрх хуулбарлах боломжийг олгож буй технологийн компаниудыг шүүхэд өгөх үндэслэл болдог аж.
Elvis Presley Enterprises нь хэдхэн долоо хоногийн өмнө Claude моделио Элвисийн дуун дээр сургасан гэх үндэслэлээр Anthropic компанийг мөн шүүхэд өгөөд байсан юм.
Suno компанийн байр суурь
Харин Suno компанийн төлөөлөгч Billboard сэтгүүлд өгсөн тайлбартаа уран бүтээлчдийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог гэдгээ онцолжээ. Тэд платформынхоо хамгаалалтын хүрээнд тодорхой уран бүтээлчдийн нэр болон дуугаар prompt оруулахыг хориглодог бөгөөд системд хуулагдсан аудио файл, дууны үгийг гуравдагч талын тусламжтайгаар шалгадаг хэмээн мэдэгдсэн байна.