«Theranos» компанийг үүсгэн байгуулагч Элизабет Холмсын тухай өгүүлэх гурван цагийн хугацаатай «You Can See Everything» баримтат кино энэ долоо хоногт кино театруудад гарч эхэллээ. Уг бүтээлийг үзсэн хүмүүсийн дунд Холмсоос гадна түүний нөхөр Билли Эванс гэж хэн болох тухай асуулт ихээхэн гарч байна.
Билли Эвансын өнгөрсөн амьдрал
Билли Эванс нь Сан-Диего хотын зочид буудлын сүлжээ эрхэлдэг гэр бүлээс гаралтай. Түүний өвөө, эмээ болох Уильям, Энн Эванс нар 1953 онд «Evans Hotels» компанийг үүсгэн байгуулжээ. Тус компани нь «Bahia Resort Hotel», «Catamaran Resort Hotel and Spa», «The Lodge at Torrey Pines» зэрэг зочид буудлуудыг ажиллуулдаг байна.
Гэвч Билли гэр бүлийн бизнестээ шууд оролцоогүй бөгөөд 2015 онд MIT-ийг эдийн засгийн чиглэлээр төгсжээ. Оюутан байхдаа Калифорнийн санхүүгийн компаниудад дадлага хийж, «Red Bull»-ийн оюутны брэнд менежерээр ажиллаж байв. Сүүлд тэрбээр 2017 онд «LinkedIn» компанид шинжээчээр орж, тухайн оны сүүлээр өөрөө явагч автомашины технологийн «Luminar Technologies» компанид ажиллах болжээ.
Хосууд хэрхэн учирсан бэ?
Хосууд анх 2017 онд Сан-Францискод болсон нэгэн үдэшлэгийн үеэр танилцсан тухайгаа «The New York Times» сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ үед Холмс олон нийтийн шүүмжлэлд өртөөд байсан ч Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) түүнд хараахан ял/хэрэг үүсгээгүй, залилангийн хэргээр 2018 оны эхээр буруутгагдахаас өмнөх үе байв.
Үдэшлэгийн үеэр тэд гурван цаг тасралтгүй ярилцаж, шууд л бие биедээ татагдсан хэмээн дурссан байна. Удалгүй тэд «Burning Man» наадамд хамт явж буй нь ил болж, 2018 оны наймдугаар сард сүй тавьжээ. 2019 оны эхээр Эванс «Luminar» дахь ажлаасаа гарсан бөгөөд хамтран ажиллагсад нь түүнийг Холмстой үүсгэсэн харилцаанд ирэх олон нийтийн шахалтаас болж гарсан гэж үзэж байсныг «New York Post» мэдээлсэн юм.
Одоогийн нөхцөл байдал
Эванс 2022 онд Холмсын шүүх хурлын үеэр түүний ялыг хөнгөлүүлэхээр дэмжлэгийн захидал илгээж байсан хүмүүсийн нэг юм. Тэд 2021 онд төрсөн Уильям хэмээх хүү, 2023 онд төрсөн Инвикта хэмээх охинтой.
Холмс хоригдохоос өмнө тэдний гэр бүл түүний ял эдэлж буй Техас дахь хорих газрын ойролцоо нүүж очсон байна. «People» сэтгүүлийн мэдээлснээр Холмс нөхөр, хүүхдүүдтэйгээ уулзах эрхтэй ч эхнэр, нөхрийн хувийн уулзалт хийхийг хориглодог ажээ.