Та өглөө бүр кофе уудаг бол энэ мэдээ танд таалагдах нь дамжиггүй. Лос-Анжелес хотын Cedars-Sinai эрүүл мэндийн их сургуулийн судлаачдын баг кофе уух нь элэгний хатуурал, элэгний хорт хавдар болон элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас баралтаас хэрхэн сэргийлдэг талаар шинэ судалгаа хийжээ. "Clinical Gastroenterology and Hepatology" сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгаагаар кофе их хэмжээгээр хэрэглэх нь элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.
Судалгааны үр дүн
Судлаачид өдөрт тав буюу түүнээс дээш аяга кофе уудаг хүмүүсийг огт кофе уудаггүй хүмүүстэй харьцуулж үзжээ. Үр дүнд нь кофе тогтмол уудаг хүмүүсийн дунд элэгний хатуурал үүсэх эрсдэл 32 хувиар, элэгний хорт хавдар тусах эрсдэл 47 хувиар, харин элэгний өвчлөлөөс үүдэлтэй нас барах эрсдэл 42 хувиар тус тус бага байсан байна. Гэхдээ заавал их хэмжээгээр уух шаардлагагүй бөгөөд өдөрт 3-4 аяга кофе уух нь хамгийн өндөр үр дүнтэй болохыг судалгааны баг онцолжээ.
Анхаарах зүйлс
Cedars-Sinai-ийн Элэгний хорт хавдрын хөтөлбөрийн захирал, доктор Жу Донг Ян "Бидний судалгааны үр дүн кофег аль хэдийн уудаг, биед нь сайн шингэдэг хүмүүст дунд зэргийн хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ зөвхөн элэг хамгаалах зорилгоор кофе ууж эхлэхийг зөвлөхгүй" хэмээн мэдэгдэв.
Мөн судалгаанд оролцсон мэргэжилтнүүд кофе бол "ид шидийн эм" биш гэдгийг анхааруулж байна. Элэгний эрүүл мэндийг хамгаалахын тулд эрүүл жингээ барих, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь чухал юм. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд кофегоо чихэр ихтэйгээр уух нь буруу бөгөөд элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд чихэргүй кофе хэрэглэх нь гол түлхүүр ажээ. Кофег кафейнтай эсвэл кафейнгүй байхаас үл хамааран түүнд агуулагдах антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нэгдлүүд нь хүний биед олон төрлийн ач тустай байдаг байна.