Австралийн хөгжмийн зохиогчдын эрхийг хамгаалах APRA AMCOS болон тус улсын Дэлгэцийн хөгжмийн зохиолчдын холбоо (AGSC) хамтран зохион байгуулдаг “Screen Music Awards” наадам Брисбэн хотноо дахин зохион байгуулагдахаар боллоо. Энэ жилийн ёслолын ажиллагаа 10-р сарын 28-ны Лхагва гарагт “Fortitude Music Hall”-д болох бөгөөд уг хотод дараалан хоёр дахь жилдээ зохиогдож буй нь энэ юм.

Энэхүү наадам нь богино хэмжээний болон бүрэн хэмжээний кино, баримтат кино, телевизийн бүтээл, хүүхдийн нэвтрүүлэг зэрэг 16 төрлөөр дэлгэцийн шилдэг хөгжмийн зохиолчдыг тодруулдаг. Түүнчлэн энэ жил APRA байгууллагын 100 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой билээ.

Ёслолын арга хэмжээг жүжигчин, APRA-гийн гишүүн Роб Коллинз хөтлөн явуулах бөгөөд түүнтэй хамт зочин хөтлөгчөөр Клаудиа Карван, Айеша Мадон нар оролцоно. Харин хөгжмийн найруулагчаар хөгжмийн зохиолч Эркки Велтхайм сүүлийн жилдээ ажиллаж, нэр дэвшсэн бүтээлүүдийн дээжээс амьд найрал хөгжимтэй хамтран эгшиглүүлэх юм. Наадамд нэр дэвшигчдийн нэрсийг 9-р сарын 22-нд зарлахаар төлөвлөжээ.

Шалгаруулалтын тухайд ихэнх ялагчийг Австралийн дэлгэцийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тодруулдаг. Харин "Distinguished Services to the Australian Screen" болон "Emerging Screen Composer of the Year" гэсэн хоёр шагналыг APRA-гийн удирдах зөвлөл шийддэг бол, Австрали болон олон улсад бүтээл нь хамгийн их эгшиглэсэн зохиолчийг тоон статистикийн дүн шинжилгээнд үндэслэн шалгаруулдаг байна.

Өнгөрсөн жилийн наадмаар 2024 онд АНУ-д хамгийн их үзэлттэй байсан “Bluey” хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэн Жофф Буш олон улсын шилдэг тоглогдсон хөгжмийн зохиолчоор шалгарч байсан бол Корнел Вилчек хоёр шагнал хүртэж байжээ.