Их Британийн Бие даасан хөгжмийн нийгэмлэгээс (AIM) 2026 оны шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийн эхний жагсаалтыг танилцууллаа. Энэхүү нэр хүндтэй шагналын гол өрсөлдөгчөөр Нью-Йоркийн цахим хөгжмийн дуо болох Fcukers хамтлаг тодорч, нийт гурван төрөлд нэр дэвшээд байна. Тэд “Шилдэг бие даасан цомог”, “Шилдэг бие даасан дуу” болон “Бие даасан уран бүтээлчийн нээлт” гэсэн ангилалд өрсөлдөж байгаа юм.

Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 22-нд Лондоны "Roundhouse" танхимд болох бөгөөд бие даасан хөгжимчид, хөгжмийн студиуд болон салбарын бүтээлчдийг алдаршуулах ажээ.

Одоогоор Jalen Ngonda, Jim Legxacy, Jorja Smith, Nova Twins, Romy болон Tiana Major9 гэсэн зургаан уран бүтээлч тус бүр хоёр номинацид нэр дэвшээд байна. Харин хөгжмийн студиудын хувьд "Young" лейбл таван номинациар тэргүүлж байгаа бол "XL Recordings" болон "Ninja Tune" студиуд тус бүр дөрвөн номинациар удаалж байна.

"Шилдэг бие даасан цомог" төрөлд BICEP, Blawan, Fcukers, Geese, Mitski, Nova Twins, Prostitute, Robyn Scaler болон Thundercat зэрэг уран бүтээлчид өрсөлдөхөөр болжээ.

AIM-ийн гүйцэтгэх захирал Gee Davy-ийн мэдэгдснээр, энэ удаагийн шагнал гардуулах ёслол нь Их Британийн бие даасан хөгжмийн нийгэмлэгийн олон талт байдал, амжилтыг харуулах зорилготой юм. Ирэх саруудад нэмэлт номинациуд болон нэр дэвшигчдийг зарлах бөгөөд олон нийтийн санал асуулгаар тодрох "Шилдэг амьд хөгжимчин" болон "Шилдэг бие даасан пянзны дэлгүүр" зэрэг төрлүүдэд уран бүтээлчид болон байгууллагууд бүртгүүлж байна.