2026 оны Кеннеди төвийн хүндэт шагнал (Kennedy Center Honors)-ыг хүртэх уран бүтээлчдийн нэрс албан ёсоор тодорлоо. Энэ жил дуучин Пол Анка, хөгжмийн продюсер Дэвид Фостер, кантри дуучин Барбара Мандрелл, жүжигчин Энди Гарсиа болон зохиолч Дэвид Мамет нар шалгарчээ.

Эдгээр таван уран бүтээлчийн гурав нь АНУ-аас өөр улсад төрсөн байна. Тодруулбал, Пол Анка болон Дэвид Фостер нар Канадад, харин жүжигчин Энди Гарсиа Кубад төрсөн аж. Шагналын эздийн насны хувьд 70 настай Энди Гарсиагаас 85 настай Пол Анка хүртэл байна.

Шагналыг зохион байгуулагчид энэ удаад хэвлэлийн мэдэгдлээр дамжуулан уламжлалт хэлбэрээр зарласан юм. Тус төвийн Удирдах зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлдээ "Бид насан туршийн бүтээлээрээ Америкийн соёл урлагийг тодорхойлж, олон үеийн үзэгчдэд урам зориг өгсөн гайхалтай уран бүтээлчдийг алдаршуулж байна" хэмээн дурджээ.

49 дэх удаагийн уг шагнал гардуулах ёслол 12 дугаар сарын 7-нд Вашингтон хотын "Capital One Arena" цогцолборт зохион байгуулагдахаар товлогдсон байна. Өмнө нь 1978 оноос хойш 2,347 хүний суудалтай Кеннеди төвийн Дуурийн театрт болдог байсан уг арга хэмжээ энэ жилээс хамаагүй том заал руу шилжиж байгаа ажээ.