Хөгжмийн зах зээлийн судалгааны Luminate байгууллага 2026 оны хагас жилийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харахад АНУ-д R&B болон Hip-Hop урсгал нь стриминг үйлчилгээнүүдэд хамгийн их сонсогддог төрөл хэвээр байгаа ч өмнөх байр сууриа алдсаар байна. Харин үүний оронд бүжиг болон электроник хөгжмийн урсгал илүү өсөлттэй байгаа юм.

Физик хэлбэрийн хөгжим буюу CD болон пянзны борлуулалт өсөх хандлагатай байна. Ялангуяа CD-ний борлуулалт 16 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа бөгөөд үүнд K-pop урсгалын нөлөө их байна. BTS, ATEEZ зэрэг алдартай хамтлагуудын бүтээлүүд энэхүү өсөлтийн тал хувийг бүрдүүлж байна. Шүтэн бишрэгчид нь зөвхөн хөгжим сонсохоос гадна тухайн уран бүтээлчийн бүтээлийг биет байдлаар эзэмших, санхүүгийн хувьд дэмжих сонирхолтой болсон нь үүнд нөлөөлжээ.

Худалдан авалтын зан төлөв ч мөн өөрчлөгдөж байна. Walmart, Target зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд зөвхөн өөрсдийн салбараар дамжуулан борлуулдаг онцгой бүтээгдэхүүнүүдээсээ шалтгаалан борлуулалтын өсөлт үзүүлж байгаа бол жижиг дэлгүүрүүд болон цахим худалдааны борлуулалт буурчээ.

Тайлангаас үзэхэд хуучин дуунууд буюу 18-аас дээш сарын настай бүтээлүүдийн эрэлт нэмэгдсээр байна. АНУ-д хоёрдугаарт эрэмбэлэгддэг Rock урсгалын хувьд хуучин дуунууд нь стриминг зах зээлийг давамгайлж байгаа нь тус төрлийн бүтээлч байдал удаашралтай байгааг илтгэж байж болох ч сонсогчдын дунд удаан хугацааны турш үнэ цэнэтэй хэвээр байгааг харуулж байна.

Дэлхий даяарх эрэлтэд суурилсан аудио стриминг үйлчилгээний хэрэглээ оны эхний хагаст 9.8 хувиар өссөн байна. АНУ-ыг тооцохгүйгээр дэлхийн хэмжээнд энэ тоо 11.8 хувь байсан бол зөвхөн АНУ-ын зах зээлд 4.4 хувиар өсжээ.