Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн том баяр болох 2026 оны ДАШТ-ий нээлтийн ажиллагаа Хойд Америкт албан ёсоор эхэллээ. Энэхүү ёслолын ажиллагааны оргил хэсэгт Латин попын хатан хаан, дэлхийд алдартай дуучин Шакира болон Африк тивийн хөгжмийн од, Афробит урсгалын нөлөө бүхий уран бүтээлч Burna Boy нар хамтран "Dai Dai" дуугаа дуулж, цэнгэлдэх хүрээлэнг доргиов.
Тэдний гайхалтай үзүүлбэр нь хөлбөмбөгийн баяр баясгалан болон олон улсын соёлын нэгдлийг илэрхийлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм. Шакира нь өмнө нь 2010 оны ДАШТ-ий сүлд дууг дуулж байсан туршлагатай бол Burna Boy нь өдгөө дэлхийн хөгжмийн тайзнаа хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн нэгд тооцогддог.
Нээлтийн тоглолт үүгээр дууссангүй. Тайзнаа мөн Мексикийн алдарт рок хамтлаг Maná, реггэтон урсгалын од J Balvin, "Los Ángeles Azules" хамтлаг, дуучин Belinda болон Danny Ocean нар гарч ирэн үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ. Эдгээр уран бүтээлчид нь өөрсдийн бүс нутагтаа томоохон байр суурь эзэлдэг бөгөөд тэдний оролцоо нь 2026 оны тэмцээнийг соёлын олон талт байдлыг харуулсан том арга хэмжээ болгож байна.
Ийнхүү дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эрч хүчтэй, хөгжим бүжгийн хэмнэлтэйгээр эхэлж, хөлбөмбөгийн хорхойтнуудыг дараагийн хэдэн долоо хоногийн турш үргэлжлэх ширүүн өрсөлдөөнд бэлэн гэдгийг зарлалаа.