Алдарт рэппер Эминем олон жилийн найз Кид Роктой хамтран шинэ уран бүтээл гаргасныхаа дараа зарим шүтэн бишрэгчдийнхээ зүгээс ирсэн шүүмжлэлд хариу өглөө. Тэрбээр баасан гарагт буюу 10-р сарын 17-нд цацагдсан Кид Рокийн “Halfway 2 Jesus” цомгийн “Heal My Faith” хэмээх дуунд хамтарсан байна.
Цомог гарснаас хэдхэн цагийн дараа Эминем цахим хуудсаараа дамжуулан "Энэ бол аль нэг талыг сонгох тухай биш, зүгээр л хуучны найзтайгаа хамт хөгжим хийх сонголт байсан. Бид бүгдийн төлөө залбирч байна" хэмээн бичжээ.
Детройт хотоос гаралтай эдгээр уран бүтээлчдийн улс төрийн үзэл бодол эрс тэс ялгаатай нь олон нийтэд ил тод байдаг тул уг хамтрал зарим шүтэн бишрэгчийг нь гайхшруулсан юм. Эминем 2024 онд Детройт хотод болсон цуглааны үеэр Камала Харрисыг дэмжиж, "Campaign Speech" зэрэг дуунуудаараа Дональд Трампыг шүүмжилж байсан бол Кид Рок нь хөгжмийн ертөнц дэх Трампын хамгийн том дэмжигчдийн нэг ажээ.
Эминем шинэ дуундаа уг улс төрийн хуваагдлын талаар шууд хөндөж, тэр бол миний дайсан биш ах дүү хэмээн үглэж, нам болон шашны үзлээс ангид эв нэгдэлтэй байхыг уриалсан байна.
Кид Рок Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэдний нөхөрлөл бараг дөрвөн арван жил үргэлжилж буйг дурдаад, уг цомог нь уучлал, хоёр дахь боломж болон улс орны хуваагдлыг эдгээх зорилготой гэдгийг онцолжээ. Тэд анх “7 Sins” дуун дээр хамтрахаар зарласан байсан ч ганц дуугаар хязгаарлахаар шийдэж, тухайн дуунд рэппер Лил Уэйн орсон байна.
Хоёр уран бүтээлч өмнө нь 1998 оны "F--- Off" дуу болон Эминемийн 2013 оны "Berzerk" клип дээр хамтарч байсан түүхтэй.