Хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хойд Америкийн гурван оронд буюу АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдахаар товлогдсон билээ. Тэгвэл тэмцээний нээлтийн ажиллагааг улам бүр сонирхолтой болгохын тулд зохион байгуулагчид дэлхийн поп хөгжмийн томоохон одуудыг тайзнаа гаргахаар төлөвлөж байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нээлтийн шоунд Колумбийн алдарт дуучин, бүжигчин Шакира (Shakira) болон АНУ-ын поп од Кэти Перри (Katy Perry) нар оролцох нь бараг тодорхой болжээ. Шакира нь өмнө нь хөлбөмбөгийн ДАШТ-ийн сүлд дууг дуулж, нээлтэд оролцож байсан туршлагатай бол Кэти Перри нь дэлхийн хамгийн том тайзнуудад тоглолтоо хийдгээрээ алдартай дуучин юм. Түүнчлэн нээлтийн ажиллагаанд өөр олон алдартай уран бүтээлчид оролцохоор яригдаж байгаа бөгөөд энэ нь тэмцээнийг зөвхөн спортын гэлтгүй, томоохон соёлын арга хэмжээ болгох зорилготой байна.
2026 оны ДАШТ нь түүхэндээ анх удаа 48 баг оролцох гэдгээрээ онцлогтой. Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс ирэх хөлбөмбөгийн хорхойтнууд спортын гайхамшигт тоглолтуудаас гадна дэлхийн хэмжээний оддын тоглолтыг нэгэн зэрэг үзэх боломжтой болох нь ээ. Зохион байгуулагчдын зүгээс нээлтийн ажиллагааны нарийвчилсан хөтөлбөрийг удахгүй албан ёсоор танилцуулах төлөвтэй байна.