Хөлбөмбөгийн ертөнцийн оргил үйл явдал болох 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд цөөхөн сар үлдээд байна. Тэгвэл энэ удаагийн тэмцээний сүлд дуу "DNA" албан ёсоор цацагдаж, сонсогчдын хүртээл боллоо.
Энэхүү сүлд дуунд рэп хөгжмийн од Меган Ти Стэллион (Megan Thee Stallion), алдартай DJ, продюсер Дэвид Гетта (David Guetta), дуучин EJAE болон сонгодог хөгжмийн ертөнцийн домог, Италийн алдарт тенор Андреа Бочелли нар хамтран оролцсон нь олны анхаарлыг ихэд татаж байна. Төрөл жанрын хувьд эрс тэс уран бүтээлчдийн энэхүү нэгдэл нь хөлбөмбөгийн гал цогтой уур амьсгалыг хэрхэн илэрхийлэх нь сонирхолтой байгаа юм.
2026 оны зургаадугаар сарын 11-нд эхлэх тус тэмцээн нь Хойд Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексикт зохион байгуулагдана. Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн том тэмцээн гэгдэж буй энэ удаагийн ДАШТ-ийн сүлд дуу нь тэмцээнийг улам бүр чимж, дэлхий даяарх хөгжөөн дэмжигчдийг нэгтгэх зорилготой ажээ.
Хэрэв та хөлбөмбөгийн хорхойтон бол энэхүү шинэ бүтээлийг бүх томоохон хөгжмийн платформуудаар дамжуулан сонсох боломжтой.