Бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн хэт боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний талаарх сөрөг мэдээлэл тасрахгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар эдгээр хүнс нь зөвхөн таргалалт, зүрх судасны өвчин үүсгэхээс гадна бидний ясны эрүүл мэнд, булчингийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж, цаашлаад үргүйдэлд хүргэх эрсдэлтэй болохыг тогтоожээ.

Хэт боловсруулсан хүнс гэдэгт чипс, хиймэл ундаа, түргэн хоол, бэлэн гоймон, чихэр, бялуу, боловсруулсан мах зэрэг ордог. Эдгээр хүнсэнд давс, сахар, тос их хэмжээгээр агуулагддаг бөгөөд шим тэжээлийн агууламж бага байдаг.

Судалгаагаар хэт боловсруулсан хүнс их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн ясны нягтрал бага, булчингийн масс бага байдаг нь тогтоогджээ. Ясны нягтрал бага байх нь ясны сийрэгжилт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг бол булчингийн масс бага байх нь биеийн хүчний сулрал, хөдөлгөөний хязгаарлалт, бодисын солилцооны алдагдалд хүргэдэг.

Түүнчлэн хэт боловсруулсан хүнс нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үргүйдэлд хүргэх эрсдэлтэй болохыг судлаачид анхааруулж байна. Хэт боловсруулсан хүнсэнд агуулагдах химийн бодисууд нь дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулж, үр тогтоох чадварыг бууруулдаг байна.

Иймд залуус бид эрүүл мэндээ хамгаалахын тулд хэт боловсруулсан хүнс хэрэглэхээ аль болох багасгаж, жимс, ногоо, бүхэл үр тариа, уураг ихтэй хүнс зэрэг шим тэжээллэг хүнс хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Өөрийн бие махбодид хэрэгтэй амин дэм, эрдэс бодисыг бүрэн авахын тулд хоолны дэглэмдээ анхааралтай хандах нь эрүүл, урт наслахын үндэс юм.