Азусена Рейес хэмээх 32 настай бүсгүй бие нь тавгүйрхэж, удаан хугацааны турш дотор муухайрах шинж тэмдэг илэрсний улмаас эмнэлэгт ханджээ. Эхэндээ эмч нар түүнийг нас залуу гэдэг шалтгаанаар бүдүүн гэдэсний хорт хавдар тусах боломжгүй хэмээн үзэж байсан ч, эцсийн дүндээ тэрээр 3B шатны бүдүүн гэдэсний хорт хавдартай болох нь тогтоогдсон байна.

Рейес тухайн үед эмч нар түүнээс "Чи 32-хон настай, ийм өвчин тусах магадлал маш бага" хэмээн хэлж байсныг дурссан юм. Гэвч удалгүй хавдар дахин илэрч, онош нь батлагджээ. Судалгаагаар 50-аас доош насны хүмүүсийн дунд бүдүүн гэдэсний хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа испани болон латин гаралтай хүмүүсийн дунд энэ өвчин хамгийн хурдацтай тархаж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шинж тэмдгийг үл тоомсорлож болохгүй

АНУ-ын Хавдрын нийгэмлэг болон бусад байгууллагууд бүдүүн гэдэсний хорт хавдрыг илрүүлэх үзлэгийг 45 наснаас эхлүүлэхийг зөвлөдөг. Гэвч эмч нарын зөвлөж буйгаар, наснаас үл хамааран дараах шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах шаардлагатай:

- Баасанд цус гарах эсвэл шулуун гэдсээр цус алдах
- Гэдэсний үйл ажиллагаа удаан хугацаанд өөрчлөгдөх (суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх)
- Хэвлийн өвдөлт болон таагүй мэдрэмж
- Шалтгаангүйгээр цус багадалт үүсэх
- Жин огцом хасах, байнга ядарч сульдах

Мөн удамшлын гаралтай өвчлөлтэй, бүдүүн гэдэсний полип үүсэх эрсдэлтэй эсвэл Кроны өвчин зэрэг гэдэсний үрэвсэлт өвчтэй хүмүүс 45 нас хүрээгүй байсан ч тогтмол хяналтад байх нь чухал юм. Азусена Рейесийн тохиолдол нь нас залуу гэлтгүйгээр биеийн өөрчлөлтөд анхааралтай хандах нь ямар чухал болохыг харуулж байна.