Алдарт рэппер 50 Cent шоронд хоригдож буй продюсер Шон "Дидди" Комбсыг цахим орчинд дахин шоолж, элэглэсэн байна. Тэрбээр өөрийн "Street Fighter" киноны сурталчилгааны ажилд завгүй байгаа ч Диддитэй холбоотой мэдээллийг алгасалгүй өөрийн инстаграмдаа нийтэлжээ.
50 Cent өөрийн хуудсандаа "Дидди байршлаа сольж байна, тэр дараагийн шоронд байдлыг доргиох нь ээ" хэмээн бичиж, түүнийг дүрсэлсэн хөөс үлээдэг тоглоомын бичлэгийг хуваалцсан байна. Түүний уг нийтлэл олон нийтийн сүлжээнд хүмүүсийг ихээхэн хөгжөөжээ.
TMZ-ийн мэдээлснээр Комбсыг Нью-Жерси дэх хорих ангиас Пенсильвани мужийн Алленвуд дахь холбооны хорих анги руу шилжүүлсэн гэжээ. Мөн түүнийг өөр нэг хоригдолтой маргалдаж, толгойдоо гэмтэл авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл гарсан юм. Гэвч Диддигийн гэр бүл болон Холбооны шоронгийн товчоо хоёул Ямайкийн гэмт бүлэглэлийн удирдагч Кристофер "Дудус" Коктой түүнийг маргалдсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Өмнө нь 50 Cent Диддигийн бэлгийн хүчирхийлэл болон хэргийн талаар өгүүлсэн "Sean Combs: The Reckoning" баримтат цувралыг бүтээж, улмаар Эмми шагнал хүртэж байсан юм. Мягмар гарагт (10-р сарын 14) Jimmy Kimmel Live! нэвтрүүлэгт оролцохдоо Дидди шоронд уг цувралыг үзсэн тухай ярианд хариу өгч байжээ.
Шон Комбс нь Манны хуулийг зөрчиж, биеэ үнэлэлтийн зорилгоор хүн тээвэрлэсэн хоёр зүйл ангиар яллагдан, 2025 оны 10-р сард 50 сарын хорих ял сонссон бөгөөд 2028 оны 3-р сард суллагдахаар товлогдоод байгаа юм.