Аймшгийн киноны ертөнцийн сонгодог бүтээлүүдийн нэг болох «A Nightmare On Elm Street» цуврал дахин шинэчлэгдэхээр болсныг NME мэдээллээ. Paramount Pictures студи уг киноны анхны найруулагч, талийгаач Уэс Крэйвений гэр бүлийнхэнтэй тохиролцоонд хүрч, төслийг албан ёсоор эхлүүлж байна.
1984 онд анх дэлгэцэнд гарсан уг кинонд Роберт Энглундын бүтээсэн Фредди Крюгер хэмээх дүрийн түүх гардаг. Тэрээр зүүдэнд нэвтрэн орж, өсвөр насныхныг айдаст автуулдаг, түлэгдсэн шархтай цуврал алуурчны дүр юм. Энэхүү дүр нь 80, 90-ээд оны поп соёлд хүчтэй нөлөөлж, «The Simpsons», «Ready Player One» зэрэг олон бүтээлд гарч байсан билээ.
Уг франчайзын эрхийг 2019 онд Уэс Крэйвений бэлбэсэн эхнэр Ия Лабунка болон хүү Жонатан Крэйвен нар эргүүлэн авсан бөгөөд тэд шинэ киноны продюсероор ажиллах юм. Paramount студи өөрийн шинэ төрөл жанрын салбар болох Paramount Primal-аар дамжуулан анхны киноны зохиолд суурилсан шинэ хувилбарыг бүтээхээр төлөвлөж байна.
Ия Лабунка энэ талаар "Бид Уэс Крэйвений бүтээсэн аймшгийн ертөнцийг шинэ үеийн үзэгчдэд хүргэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн мэдэгдлээ. Одоогоор киноны жүжигчид болон багийн бүрэлдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна.
Тус цуврал нь нийт есөн киноноос бүрддэг бөгөөд үүнд 2003 оны «Freddy Vs Jason» болон 2010 оны дахин бүтээгдсэн хувилбар багтдаг. 2010 оны хувилбарт Жэки Эрл Хэйли Фредди Крюгерийн дүрийг бүтээж байсан ч тухайн үед найруулагч Уэс Крэйвэнтэй зөвлөлдөөгүй байжээ. Харин энэ удаагийн төсөл нь илүү өргөн хүрээнд, анхны зохиогчийн гэр бүлийн оролцоотойгоор хийгдэхээр болсон нь анхаарал татаж байна.