Өндөр үзүүлэлттэй шилдэг робот тоос сорогчдын үнэ хэт өндөр байдаг тул хэзээ худалдаж авахаа шийдэхэд амаргүй байдаг. Гэвч Amazon платформ дээр эхлэх гэж буй Prime Day хямдралын хүрээнд зарим дээд зэрэглэлийн загварууд эртнээс огцом хямдарч эхэлжээ.
Тухайлбал, 10-р сарын 6-нд эхлэх албан ёсны хямдралын арга хэмжээнээс өмнө буюу 9-р сарын 30-ны байдлаар Roborock Saros Z70 робот тоос сорогч болон шал угаагч төхөөрөмж 999.98 ам.доллар болж буурсан байна. Энэ нь үндсэн үнэ болох 1,999.99 ам.доллароос даруй 50 хувь буюу 1,000.01 ам.доллароор хямдарсан үзүүлэлт юм. Үнийн түүх хянадаг camelcamelcamel платформын мэдээлснээр энэ нь тус загварын хувьд бүртгэгдсэн хамгийн хямд үнэ болж байна.
Роботын онцлох технологиуд
Энэхүү загварын хамгийн гол онцлог нь таван тэнхлэгт OmniGrip гар юм. Төхөөрөмжөөс сунаж гардаг уг гар нь замд тааралдсан саадыг холдуулах, оймс болон бусад жижиг хөнгөн хог хаягдлыг эмхэлж цэгцлэх чадвартай. Нарийн хөдөлгөөнийг удирдахын тулд камер болон өндөр нарийвчлалтай мэдрэгчүүдийг ашигладаг байна.
Цэвэрлэгээний хувьд AI-д суурилсан SmartPlan технологиор гэр доторх зураглалыг гаргаж, чиглэлээ тодорхойлдог. Мөн хивс болон хатуу шалны хооронд шилжихдээ тоос сорох болон чийгтэй цэвэрлэгээний горимоо өөрөө тохируулдаг байна. Саад тотгороос зайлсхийх хиймэл оюун ухаан нь шинэ эд зүйлсийг таньж суралцдаг төдийгүй булан тохойг гүн цэвэрлэж, AdaptLift технологийн тусламжтайгаар хаалганы босго зэрэг саадыг давж гардаг аж.
Түүнчлэн энэхүү ухаалаг төхөөрөмж нь хогоо өөрөө суллах, угаагчаа өөрөө цэвэрлэх болон өөрөө цэнэглэгдэх бүрэн автомат системтэй юм.